2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 04:16 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР: Засгийн газрууд хэрцгий ялыг төгсгөл болгож цаашид бүрэн халах ёстой

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР-т зориулан Монголын Эмнести Интернэшнлийн гаргасан хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буй энэ цаг үед засгийн газрууд хүний амьд явах эрхийг зөрчдөг, туйлын хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон энэ ял шийтгэлээс татгалзах ёстой.

Зарим засгийн газрууд хоригдол болон түүний гэр бүлийнхэнд хэдхэн өдрийн өмнө буюу зарим тохиолдолд бүр хэдэн мөчийн өмнө цаазаар авах ял гүйцэтгэх тухай мэдэгдэж байгаа нь уг ялыг гэр бүлийнхэнд нь халдаан хэрэглэж байгаа явдал юм. Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс цаазаар авахуулах ялтай хоригдлуудыг олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцсэн нөхцөлд хорьж, хүн гэсэн нэр төрийг нь хүндэтгэн харьцах ёстойг онцолж байна. 

Эмнести Интернэшнлээс Беларусь, Гана, Иран, Япон, Малайз улсад хандан цаазаар авах ялтай хоригдлуудыг хүнлэг бус нөхцөлд хорихоо зогсоож, цаашид энэ ялыг бүрэн халахыг шаардаж буй кампанит ажлыг эхлүүлээд байна. Монгол Улсын тухайд хүний амьд байх эрхийг суурь үнэт зүйл хэмээн Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрч, үүнийгээ баталгаажуулан олон улсын гэрээнд нэгдэн, цаазаар авах ялыг халсан.

Эмнести Интернэшнлийн бүртгэлээр 142 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халчихаад байна. 2017 онд 23 улс орон 993 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 2016 оныхоос 4%-иар, 2015 оныхоос 39%-иар буурсан байна. Цаазаар авах ялын гүйцэтгэлийн дийлэнхийг Иран, Саудын Араб, Ирак, Пакистан улс хэрэгжүүлжээ.

 Шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас гэмгүй иргэний амийг төр егүүтгэсэн байх, эсвэл егүүтгэх шахаж байсан олон тохиолдол гарч байсан. Нөхөшгүй алдаанаас зайлсхийхийн тулд өөрөөр хэлбэл гэмт этгээдийг баталгаатай шийтгэх, гэмгүй нэгнийг цагаатгах боломжтой байлгахын тулд цаазаар авах ялыг халдаг. Цаазаар авах ялыг халснаар хүний амьд явах эрхийг баталгаажуулдаг ба харин тухайн этгээдийг ял шийтгэлээс чөлөөлж байгаа хэрэг огт биш юм.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг болно. 

 

Мэдээлэл: ikon.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй