2018 оны 07 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:16 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

60 ТЭРБУМЫН АСУУДЛААР ПРОКУРОР ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН

 


 

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд оролцсон Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нарын сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг сийрүүлэн хүргэе.

МҮОНТ: -Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах асуудлаар өнөөдөр АТГ-т хандлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү

Э.Идэрцог: -Дөнгөж сая 10 минутын өмнө ийм өргөдөл гомдол ирүүлж байна. Бид танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. 

МҮОНТ: -Шалгагдаж байгаа сайдуудын хэрэг дээр шинэ мэдээлэл байна уу?

Э.Идэрцог: -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал шалгагдаж байна. Тодорхой хугацаанд үргэлжилсэн, нэлээд ажиллагаатай, цаг хугацаа шаардсан асуудал учраас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Урьд өмнөх хэвлэлийн хурлууд дээр ч мэдээлж байсан. АТГ-ын хуулиар харьяалуулсан чиг үүрэгтэй хэргийг шалгахад нэлээд цаг хугацаа шаарддаг онцлогтой гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт шаардлагаар хэргийг хурдан шалгаад шийдвэрлэчихдэг гэх асуудал байхгүй. Гэм буруугийн асуудал яригддаг. Мөрдөн шалгах ажиллагаанд бид яллах юм уу цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлж хуульд заасан мөрдөн шалгах эрх олгогдсон ажлуудыг хийж байгаа. Энэ утгаараа тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа хэргүүд, хэргийн цар хүрээнийхээ хувьд, ажил ачааллын хувьд нэлээд онцлогтой байдаг. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар улам илүү нарийвчилсан зохицуулалтуудыг шаарддаг болсон. Шалгах ажил үргэлжилж байгаа. Гэхдээ бид аль болох маш хурдан шуурхай шийдвэрлэж олон хүлээлтийг нэг талд нь багтааж шийдэхийн төлөө ажиллаж байгаа.

С1 телевиз: -АСЕМ-тай холбоотой 17 албан тушаалтныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч тэр хүмүүсийн нэр нь тодорхойгүй байгаа. Энэ хүмүүсийн нэрийг зарлах боломж байна уу?

Э.Идэрцог: -АСЕМ-тай холбоотой асуудлаар манай Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Саяхан Үндэсний Аудитын газраас АСЕМ-тай холбоотой асуудлыг шалгаад тодорхой албан тушаалтнуудад холбогдох тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудыг ирүүлсэн. Хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

С1 телевиз: -Сая мэдээлэл дээр “Эрдэнэт”, “МИАТ” гээд байгууллагын нэр дурдагдлаа. Хэргийг нь нэгэнт прокурорт шижүүлсэн юм чинь тэр албан тушаалтнууд, хүмүүсийнх нь нэрийг хэлж болдоггүй юм уу? 

Э.Идэрцог: -Одоо мөрдөгдөж байгаа шинэ Эрүүгийн хуулиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах гэсэн нэршлээр явж байгаа. Хэрэг бүртгэлтийн хэргийн хувьд хүний нэр ус, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрийг дурдах боломжгүйгээр шалгаад улмаар гэмт буруугийн асуудал тогтоогдоод ирэхээр мөрдөн шалгах ажиллагаа болон шалгах хуулийн зохицуулалттай. Шинэ хуулийн зохицуулалт ийм байгаа.

Нэр ус зарлах асуудлын учир холбогдлыг та бүхэн мэдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг 100 хувь тогтоогоогүй учраас нэр зарлах боломжгүй байдаг гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.

www.ulsturch.mn: -УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, ЗТХЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл нартай холбоотой 1000 вагоны асуудлыг шалгах ажил ямар шатандаа байна вэ?

Э.Идэрцог: -Сар бүрийн хэвлэлийн хурал дээр асуугддаг, хариулт өгдөг. Хоёр сарын өмнөх хэвлэлийн хурал дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн гэж мэдээлсэн. Шинэ хуулийн зохицуулалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлдэг болсон. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах нотлох баримт цугларсан байна гэж үзвэл яллагдагчаар татах тогтоол үйлдэх хуультай. Тогтоолыг бид хүлээж авснаар тухайн хүнд нэн даруй танилцуулж байцаан шийтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ёстой. Прокурорт хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтын дагуу яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Зарим тодорхой зүйлийн ажиллагаануудыг нэмж хийх шаардлагатай гэж Прокурор үзэж буцаасан. Тэр ажиллагаанууд одоо хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл прокурорын даалгаварт мөрдөн шалгах ажиллагааны зарим зүйлийг тодруул гэсэн, тэр ажиллагаануудыг хийгээд дахин мөн прокурорт хянуулна. Хууль журмын дагуу хэрэг шалгагдаж байгаа.

“Монголын мэдээ” сонин: -Нийслэлийн архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Гавааг шалгаж болохгүй гэсэн үүрэг даалгавар АТГ-т ирсэн гэсэн мэдээлэл гадуур яригдаад байна?

Э.Идэрцог: -Нийслэлийн Архивын газрын даргатай холбогдуулан түүний удирдлага дор ажиллаж байсан хүний гаргасан гомдлыг бид хүлээн авч шалгасан. Шалгалтын ажиллагаагаар энэ хүний гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй учраас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Хэн нэг хүнийг шалгахгүй байх үүрэг чиглэл өгдөг албан тушаалтан байхгүй.

“Монголын мэдээ” сонин: -Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээж авснаас хойш хэдэн сар, хоногийн хугацаанд шалгадаг юм бэ? Нэлээд урт хугацаа шаардлагатай гээд байх юм. Яг хуулийн хугацаа гэж байна уу?

Э.Идэрцог: -Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг тав хоног, нэмээд 14 хоног, нийт 19 хоног шалгадаг байсан. Харин шинэ хуулиар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг тав хоногийн дотор хүлээж авч гурван төрлийн шийдвэр гаргахаар хуульчилж өгсөн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана, харьяаллын дагуу шилжүүлнэ гэсэн гурван төрлийн шийдвэр гаргах ёстой. Саяны миний хэлсэн зүйлс бол манайд ирж байгаа гомдол мэдээлэл нь цар хүрээ их, шалгуулах асуудал их, аймаг орон нутгаас бас ирдэг учраас тав хоногт шалгаж эцэслэн шийдвэрлэх боломж бололцоо туйлын бага байдаг. Аймаг орон нутагт АТГ-ын албан тушаалтан, тэнд төлөөлсөн хэлтэс байгууллага байхгүй. Орон нутгаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирдэг. Хэрэг шалгадаг 28 мөрдөгчийнхөө ажил, ачааллыг харгалзаж тухайн аймаг орон нутаг руу томилолтоор явуулдаг. Нэг явахдаа тэр чиглэлийн гомдол, мэдээллүүдээ бүгдийг хамтад нь аваад тойруулан шалгаад ирдэг. Ирээд хуульд заасан тав хоногийн хугацаанд шийдвэрлэхийн тулд яаравчлах ёстой. Аймаг, нийслэл, дүүргийн прокурорын хяналтад харьяаллын дагуу хянагдаж явдаг. Баруун аймгийн алс хязгаар суманд нийтийн албан тушаалтантай холбоотой асуудлыг шалгахад эндээс мөрдөгч томилогдож явдаг.

С1 телевиз: -Хахууль авлигатай ингэж тэмцдэг юм уу. 30 сая төгрөгийн бэлэг аваад 576 мянган төгрөгөөр торгуулаад л өнгөрөөд байх юм уу?

З.Баасанням: -Нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн шийдвэрийг бид энд танилцуулж байгаа. Бид шүүхийн шийдвэрийг буруу, зөв гэж үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Таны тавьж байгаа асуудал бол нэг талдаа зөв. “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гурван ажилтан хахуулийн хэргээр шүүхэд шилжсэн боловч тэднийг хахууль аваагүй бэлэг авсан байна гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихсон. Бидний зүгээс Авлигын эсрэг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг барьж учирсан хохирлыг арилгаж зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ бэлэг гэж шүүх шийдэж байгаа бол энэ бэлэг нь өөрөө бэлэг авахыг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн үү үгүй юу гэдгийг тогтоох ёстой. Улмаар энэ бэлгийг хууль бусаар авсан нь тогтоогдож байх тул шийдвэрлэж өгнө үү гэж АТГ-аас шүүхэд хандсан. Ингээд шүүхээс тэр бэлэг нь ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 16 дугаар зүйлд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байх тул бэлэг болгож авсан мөнгийг нь улсын орлого болгоод нэмж торгох шийдвэрийг гаргасан байна.

Өмнөх шүүхийн шийдвэрээр 10 сая төгрөг өөрсдөд нь үлдсэн байсныг сая шүүх энэ асуудлыг дахин хэлэлцээд 10 сая төгрөг нь улсын орлого болгохоор шийдвэрлэж, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 576 мянган төгрөгөөр торгосон байна. Шүүхээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг шуурхай хянан шийдвэрлэж байгааг энд бас талархан дурдах ёстой.

ТВ9 телевиз: -60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж байгаа. Үүнд танайхаас ямар тайлбар хийх вэ?

Э.Идэрцог: -Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум босгох тухай гэсэн утгатай өргөдөл гомдол ирээд тухайн үеийн хуулиараа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлээд, дараа нь гомдлын дагуу татгалзсан материал дээр прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад улмаар тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн тушаал гарч хэргийг мөрдөн шалгасан. Энэ асуудалд прокурорын хүчин төгөлдөр шийдвэр гарсан болохоор таны асуултад товч хариулъя. Энэ асуудалд гурван байгууллагын мөрдөгч нар өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу ажлаа хуваарилж авч шалгасан. Тухайлбал, бүх шатны сонгуулийг будилаантуулах, хар машиныг гадаад улсаас авчирсан, хакердсан зэрэг асуудлыг тагнуулын байгууллага шалгасан. Шинжилгээний байгууллагатай холбоотой асуудал, мөн сум дүүргийн сонгуультай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгадаг. Төрийн албан тушаалтанд тодорхой хэмжээний хээл хахууль өгөөд төрийн албанд томилогдсон бол энэ асуудлыг АТГ шалгана. Гэх мэтээр чиг үүргийнхээ дагуу гурван байгууллагаас ажлын хэсэг гарч асуудлыг дахин нарийвчлан нэг бүрчлэн шалгасан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар хэргийг нотлох баримт гэж үздэг нэр бүхий хүмүүсээс гаргаж ирсэн бичлэгийн асуудал байдаг. 2 ба 4 минутаас эхлээд 90 минут, сүүлдээ 162 минут хүртэл ар араасаа янз бүрийн хугацаатай бичлэгүүд гарч ирснийг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр бичлэгүүдэд байгаа фото зураг оруулаад доогуур нь слайд хэлбэрээр оруулсан үг өгүүлбэр зэрэгт шинжилгээний байгууллагаас шинжилгээ хийгээд эвлүүлэг байна гэсэн дүгнэлт гаргасныг та бүхэн бас мэдэж байгаа. Бичлэг хийсэн тоног төхөөрөмж, эх хувиа авчрах, эх хувиа байлгах шаардлагыг тавьсан. Бичлэгийн тоног төхөөрөмжийн эх хувь олдоогүй. Уг бичлэгийн эх хувь нь олдоогүй. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээд нотлох баримтдаа тулгуурлаж асуудлыг шийдвэрлэдэг. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бэхжүүлэн авсан, цуглуулсан нотлох баримт нь нотлох баримтын чанараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. Үүний дагуу нотлох баримтын асуудал хуульд заасан шаардлагыг хангахгүй байна, шинжилгээний тухай хууль тогтоомжоор шинжилгээний объект нь эх хувь байна гэдэг хуулийн шаардлагыг хангах боломжгүй байна, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээний хээл хахууль өгч албан тушаалд томилогдсон гэсэн асуудал тогтоогдохгүй байна. Энэ бүх дүгнэлтүүдийг үндэслээд прокурор шийдвэрээ гаргасан.

Түүнээс огт ийм яриа болоогүй гэж үзэж хэрэг асуудлыг шийдвэрлээгүй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд нэлээд дэлгэрэнгүй, бүх асуудлыг дурдаж хариу өгсөн. Тэр хариуг сэтгүүлчид та бүхэн үзэж танилцаарай. Хариунаас нэлээд зүйл тодорхой харагдана.

www.newspress.mn: -Х.Баянмөнх аварга Допингийн эсрэг үндэсний төвийг шалгуулахаар АТГ-т хандсан. Шалгах үндэслэл байсан уу?

Э.Идэрцог: -Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

ТВ9 телевиз: -“Хөх Монгол” бүлгэмээс Байгаль орчны сайд Д.Оюунхоролыг АТГ-т шалгуулахаар хандаж байгаа гэж мэдээлсэн. Шалгаж байгаа юу?

Э.Идэрцог: -Д.Оюунхорол сайдтай холбоотой авлигын хэргийн гомдол манайд ирээгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг юу болж байгаа вэ? Өмнөд Солонгосын иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байсан. 

Э.Идэрцог: -Өмнөд Солонгосын иргэдтэй холбоотой асуудлыг тусгаарлаад прокуророор хянагдаад шүүхээр шийдвэрлэгдэж ял шийтгэл авч шийтгэгдсэн. Бусад нэр бүхий хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байгаа.

-Зарим хүмүүсийг нь Интерполоор эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж мэдээ гарсан байсан. Тэгэхээр шалгагдаж байгаа гэж ойлгож болох уу? 

Э.Идэрцог: -Шалгагдаж байгаа.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарыг шалгаж байгаа юу? 

Э.Идэрцог: -Байцаалт авсан.

 

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй