2018 оны 12 -р сарын 11 -ны өдөр. Одоо Улаабаатарт 02:04 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

"ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ДЭХ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАА-ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

"Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас санаачлан өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Тагнуулын Ерөнхий Газрын төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Хууль Зүй Дотоод Хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:  "Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцааны гэрээ гэдэг их чухал ойлголт. Гэмт хэргүүд даяарчлагдаж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг ганцхан тухайн улсын дотор үйлдэгддэг гэхээсээ илүү мөнгө угаах, авлига албан тушаал, хүн худалдаалах гэмт хэргүүд илүү зохион байгуулалттай бөгөөд хил дамнасан шинжтэй болж байна.  Энэ утгаараа эдгээр төрлийн гэмт хэргийг илрүүлэх нотлох ажиллагаа ганц улсын хуулийн байгууллагын хүчин чармайлтаар шийдэгдэхгүй.

Үүн дээр бусад улс орны ижил төрлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байж тухайн буруутай этгээдүүдийг шүүхийн өмнө нотлож, хариуцлага хүлээлгэх боломжтой. Ингэхийн тулд тухайн улс орнууд хоёр талын болон олон талт эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнд нэгдэн орох шаардлага бий болж байна".

Манай улс эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх талаар 20 гаруй улстай 28 төрлийн гэрээтэй ажиллаж ирсэн. Эрүүгийн эрх зүйн харилцан туслалцах гэрээг 1968 онд анх байгуулж байсан. 

Зарим улстай байгуулсан гэрээ цаг хугацаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад хоцрогдож байна. Энэ ч утгаараа сүүлийн үед улс орнуудтай байгуулж байгаа эрх зүйн харилцан туслалцааны гэрээн дээр бүх төрлийн гэмт хэрэгт хамтарж ажиллах асуудлыг анхаарч байна. Хоёр долоо хоногийн өмнө манай улс Хонг Конгтой эрүүгийн харилцан туслалцааны гэрээ байгууллаа. Энэ асуудал УИХ-аар удахгүй батлагдана. Европын холбооны улс орнуудтай уг гэрээг байгуулах талаар ХЗДХЯ судалж байна" гэв.

 

Уг хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор  У.Эрдэнэтуяа оролцож “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо, хяналт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Илтгэлд эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагаан дахь  прокурорын хяналтын эрх зүйн орчин, өнөөгийн практик ажиллагааны талаар дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар санал гаргасан.

Эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагаанд тавих хяналтыг чанар, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг цаашид боловсронгуй болгох, мөн шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын болон гадаад харилцаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хооронд харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах явдал чухал ач холбогдолтой болохыг  илтгэлд цохон дурдсан.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагаанд тавих  прокурорын хяналт нь Монгол Улсын нэгдэн орсон олон талт ба хоёр талт олон улсын гэрээ, хэлэлцээр, Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, тэдгээрийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар, журмын дагуу явагддаг билээ.

2017 онд шинээр батлагдсан Прокурорын тухай хуульд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагаатай холбоотой зарчмын хэд хэдэн заалт шинээр орсон. Тухайлбал,

  • “Reciprocity” гэрээгүй оронтой эрх зүйн туслалцааны  асуудлаар харилцах олон улсын эрх зүйн зарчим;
  • Прокурорын байгууллага нь  Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн  туслалцаа харилцан  үзүүлэх ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага;
  • “Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрөл”-ийг гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаад улсад эрэн сурвалжлах,  гэмт хэрэг үйлдсэн болон хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх авах,  шилжүүлэн өгөх үед тус тус өгөх  зэргийг дурьдаж болно.

 Хэлэлцүүлгийн эцэст “Зөвлөмж” гаргаж, уг хэлэлцүүлэгт оролцсон нийт байгууллагад хүргүүлэхээр тогтов.

 

Эх сурвалж: prokuror.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй