2018 оны 07 -р сарын 17 -ны өдөр. Одоо Улаабаатарт 05:31 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

 “ЖИ ТАЙМ” СҮЛЖЭЭНИЙ ХОХИРОГЧИД ИРЖ, ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал, хүн амын амжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, залилах аргаар бусдад хохирол учруулах үйлдэл өсөх хандлагатай боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?
-Энэ гэмт хэргийн үйлдлийн арга хувьсан өөрчлөгдөж, харилцан адилгүй өөр өөр байдлаар үйлдэгдэх болсон. 1990–ээд оны үед Хадгаламж зээлийн хоршоо, “Гадаадын улс орнуудад виз найдвартай гаргаж өгнө” гэх зэргээр бусдыг залилах үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байсан. Харин одоо сүлжээний болон цахим мэдээллийн хэрэгслээр харилцагч талуудын мэдээлэлд хөндлөнгөөс гэмт этгээдүүд хууль бусаар нэвтэрдэг. Ингээд мэдээллийн агуулгыг өөрчлөн бусдад их хэмжээний хохирол учруулах зэрэг аргуудыг их ашиглах болсон байна.


-Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын хэрэг тухайн үед шуугиан дэгдээж байсан. Тухайлбал, “Баян-Өндөр сан” , “Бизнес кредит” , “Бөөн цагаан нуур” , “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” , “Глоб кредит” , “Гэр хорооллын барилгажилт” , “Европын хөгжил” , “Жигүүр инвест” , “Зиб” , “Итгэл сэтгэл ирээдүй” , “Монгол торго” , “Нью болор оргил” , “Оюу алт” , “Си Эм Си” , “Хөрөнгө оруу¬¬лалт хөгжлийн сан” , “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон байдаг. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ?
-Шүүхээр хэрхэн шийдвэрлэснийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэд хэдэн хэргийг шийдвэрлэж, хэргийг үйлдсэн хүмүүс нь ялаар шийтгүүлсэн. 


-Хууль бус сүлжээний бизнес эрхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээд гэмт буруутай болох нь тогтоогдвол ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ? 
-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт “... Энэ гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж ерөнхий байдлаар зүйлчлэн шалгаж байсан. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2-д “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар энэ хэргийг үйлдсэн гэж илүү тодорхой дэлгэрэнгүй болгон хүлээлгэх хариуцлагыг таван жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. 


-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй гол шалтгаан нь юу юм бэ? 
-Мэдээллийн эрин үед иргэн, хуулийн этгээд хуулиар хориглосон, олон шатлалт буюу пирамид тогтолцооны шинжтэй үйл ажиллагаа явуулахдаа цахим сүлжээний хэрэгсэл (фэйсбүүк, зарын сайтууд гэх мэт) ашиглан өөрсдийн үйлдлийг халхавчтайгаар идэвхтэй сурталчилдаг. Тэгээд иргэдийг гишүүнээр элссэн тохиолдолд анх оруулсан мөнгөн хөрөнгөө богино хугацаанд өсгөж, их хэмжээний ашиг олох боломжтой мэт сэтгэгдлийг төрүүлчихсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр иргэдээс тухайн мэдээллийн үнэн зөв бодит эсэх, цаашид гарах сөрөг үр дагаврыг тооцоогүй, төсөөлөөгүйгээс эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсч байна. Ихэвчлэн сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэд нь өөрийн болон бусдын хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах, тэтгэвэрийн зээл, үнэт эдлэл, эд зүйлээ ломбардад барьцаалж зээл авах зэргээр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлнэ. Ингэж ашиг олно гэсэн бодит бус мэдээлэлд хөтлөгдөн гишүүнээр элссэнээс өөрөө болон бусдыг хохироож байгаа тохиолдол дийлэнх хувийг эзэлж буй.
-Мөн цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдах тохиолдол сүүлийн үед их гарч байна...
-Иргэн таны и-мэйл, фэйсбүүк хаягт үл таних хэн нэгнээс “Их хэмжээний мөнгөн хөрөнгө өвлүүлэх, бага хүүтэй урт хугацаатай мөнгө зээлүүлнэ, сугалаанд аз таарлаа” эсвэл “хамтран амьдарна” гэх зэрэг бодит амьдрал дээр биелэх боломжгүй саналыг явуулна. Ийнхүү санал ирүүлж байгаад итгэж бодит дүрсээ харахгүй, аль улсын, хэн болох нь тодорхойгүй этгээдтэй харилцаа тогтоож, улмаар тэдний хүссэнээр гаалийн болон татварын, банк хоорондын гүйлгээний шимтгэл, бусад төрлийн хураамжийн төлбөр шаардлагатай гэх мэт хуурамч үйлдэлд итгэж их хэмжээний мөнгөө арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр гуйвуулгаар шилжүүлж залилуулан хохирдог. Тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд нь аль улсын, хэн болох нь тодорхойгүй, харилцсан фэйсбүүк, и-мэйл, харилцах данс, утасны дугаар зэргийг зөвхөн нэг удаа ашигладаг учраас гэмт этгээдийг тогтоох, нэгэнт Монгол Улсаас гарсан мөнгөн хөрөнгийг эргэж татан төвлөрүүлэх боломж муу. Иймээс иргэд хохирчихдог.


-Үүнээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Иргэд хэн нэгнээс дээр дурдсан саналууд ирсэн тохиолдолд хүлээн авахгүй байх ёстой. Хэрвээ эрсдэл тулгарсан бол хуулийн байгууллагад хандаж өөрт учирч болох аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж сэрэмжлүүлье. 
Мөн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс бараа бүтээгдэхүүн захиалахдаа өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах дансанд өөрчлөлт орсон талаарх мэдээллийн бодит байдлыг нягтлан үзэж байх хэрэгтэй. Бодит байдлыг сайтар шалгаж, нягтлаагүйн улмаас хуурамч мэдээлэлд итгэж их хэмжээний гадаад валютыг шилжүүлэн хохирох тохиолдол ч бий. Энэ тохиодолд харилцагч компаниас өмнө нь харилцаж байсан и-мэйл хаяг, харилцах данс өөрчлөгдсөн эсэхийг боломжит байдлаараа (утсаар ярих, биечлэн уулзах, дүрст дуудлага хийх гэх мэтээр) нягтлан бататгасаны эцэст төлбөрийг шилжүүлж байх нь зүйтэй юм. Эдгээр залилах гэмт хэргийн шинжтэй тохиолдол бүрт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд цагдаагийн байгууллагаас сэрэмжүүлэг хүргэж байна. 

G-time сүлжээ зурган илэрцүүд
-“Жи тайм” сүлжээтэй холбоотой асуудлын мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу? 
-Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасан. Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах ажиллагаа энэ оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэж байгаа юм. Иймээс тус хэргийн хохирогч, иргэний харилцагч нар ирж хэргийн материалтай танилцахыг анхааруулъя.


-Он гарсаар иргэд цахим халдлагад өртсөн тохиолдол хэдэн удаа бүртгэгдсэн бэ? 
-Он гарсанаас хойш дээрх байдлаар 300 орчим сая төгрөгийн хохирол учирсан гурван тохиолдол манай хэлтэст бүртгэгдэн шалгагдаж байна. Үйлдлийн аргыг ажиглахад мөн л гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс харилцагч байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн их хэмжээний гадаад валютыг шилжүүлсэн байна лээ. Гэвч шалгалтын явцад энэ нь хөндлөнгийн этгээдээс өөрчлөн ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаагүйгээс хохирол учирсан нь тогтоогдсон. Иймээс гадаад улс орон руу их хэмжээний мөнгөн шилжүүлэг тогтмол хийдэг, хийхээр төлөвлөж байгаа иргэн, хуулийн этгээдийг ийм эрсдэл учрахаас сэрэмжлэхийг сануулъя. 


-Сүлжээний бизнес болон цахим халдлагаас урьдчилан сэргийлж ажиллахад юун дээр илүү анхаарах хэрэгтэй байна?
-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулахад гадаад харилцаа болон эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн гэрээ байгуулаагүй байгаа зарим улс орнуудтай гэрээг байгуулах шаардлага бий боллоо. Учир нь гэрээ байгуулаагүй орнуудтай харилцах, мэдээлэл солилцох боломжгүй байгаа юм. Харин сүлжээний гэмт хэргийн хор уршиг эрсдлийн талаар цагдаагийн байгууллагаас олон нийтийн хэрэгсэл ашиглан сэрэмжлүүлэг мэдээлэл бүхий ярилцлага, богино хэмжээний шторкыг цацаж байгаа. Гол нь иргэдийн өөрсдийн ухамсар чухал. Хор уршиг эрсдлийг огт тооцож үзэхгүй юм. Зөвхөн ашиг хонжоо л гэж хараад байна. Мөн зарим хүмүүс хуулиар хориглосон мэдээлэл бүхий сурталчилгааг цахим орчинг ашиглан богино хугацаанд явуулж олон хүнийг хохироож буй. Иймээс мэргэжлийн байгууллагууд ч гэсэн цахим орчны хяналтыг сайжруулж, анхаарал хандуулах нь зүйтэй юм.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин" Сэтгүүлч Б.Уранчимэг

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй