2018 оны 09 -р сарын 26 -ны өдөр. Одоо Улаабаатарт 09:46 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Прокурорын байгууллагын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлууд


Прокурорын байгууллага 2017 онд өмнөө тавьсан зорилт, хууль тогтоомжийн эрх зүйн шинэ орчинд үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж, 2018 онтой золгоод удаагүй байна. Прокурорын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд 2017 онд хийж гүйцэтгэсэн  ажлын заримаас товч дурдвал:  Монгол Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдсан Прокурорын тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд шинэчлэн батлагдаж, эдгээр  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  үйл ажиллагаандаа дагаж мөрдөх аргачилсан заавар, журам, эрх зүйн хэлбэрүүдийг шинэчлэн боловсруулж баталснаар хуулийг нэг мөр   ойлгож, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Tөрд учирсан хохирлын 46.0 хувь буюу 92.680.435 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр: Эрх бүхий байгууллагуудын хүлээж авсан  зөрчлийн талаарх нийт 533341 гомдол мэдээллийг хүлээн авч бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан бөгөөд 21275 буюу 3.9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 12656 буюу 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 497912 буюу 93.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Зөрчлийн хэргийн улмаас нийт 5.177.125.003 төгрөгийн хохирол учирснаас иргэнд 2.505.692.688, хуулийн этгээдэд 2.410.401.706, төрд 201.030.609 төгрөгийн хохирол учирсан ба иргэдэд учирсан хохирлын 60.7  хувь буюу 1.522.879.713 төгрөг, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8 хувь буюу 68.254.327 төгрөг, төрд учирсан хохирлын 46.0 хувь буюу 92.680.435 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.           

2017 онд шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх онтой харьцуулахад 69.3 хувиар өссөн

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавьсан хяналтын ажлын талаар: Прокурор 2017 онд нийт 85281 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оноос 14173 буюу 14.2 хувиар буурсан байна. 2017 онд нийт 36549 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн нийт 29812 хэрэгтэй харьцуулахад 6737 хэрэг буюу 22.6 хувиар өссөн; Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2017 онд шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх онтой харьцуулахад 69.3 хувиар өссөн, хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хэрэг 31.6 хувиар буурсан. 

1.388 679 428  төгрөгийн торгох ялыг бүрэн биелүүлжээ
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр:Баривчлах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 173 удаа шалгаж, 51  судалгаа хийж, 1958 удаа танилцаж, 765 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 83 шаардлага бичиж, 43 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцуулж, 38 ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. 2017 онд торгох ялтай 1588  ялтны 1.634.386.964  төгрөгийн ялаас 1232 ялтны 1.388.679.428  төгрөгийн ялыг бүрэн биелүүлж, торгох ялын биелэлт улсын хэмжээнд 67.2 хувьтай байна.
 
Шүүхэд төрийг  төлөөлөх чиглэлээр: Төрийн байгууллагаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай 21 тэрбум 513 сая төгрөгийн 624 хүсэлт, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тухай  623 сая төгрөгийн 13 хүсэлтийг хүлээн авч, прокурор иргэний хэргийн 399 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн  оролцож, 16 тэр бум 620 сая төгрөгийн үнийн дүн бүхий хүсэлтийг төрд ашигтайгаар шийдвэрлүүлжээ.

Зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтээр 189, заавал орвол зохих зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3633, төрийн байгууллагын хүсэлтээр 2, нийт 3824 эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцжээ. Прокурорын дүгнэлтээс 184-ийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нийт 48 удаа оролцож дүгнэлт хэлжээ.Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн анхан шатны шүүх прокурорын 37 дүгнэлтийг хэлэлцсэнээс 36-г нь хүлээж авсан байна. 

Хуулийн байгууллагуудын нэгдсэн системийн туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Цахим бүртгэл, прокурорын сургалтын талаар: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн мэдээллийг шүүхийн мэдээллийн сан руу шилжүүлэх, шүүхээс прокурорын мэдээллийн сан руу мэдээлэл шилжүүлэх  тохиргоог хийж хэвийн ажиллагаанд оруулсан бөгөөд шинэчлэн батлагдсан хуулиудад нийцүүлж бүртгэлийн програмыг өөрчлөх ажлыг Ай-Ти-Зоне ХХК, Цахим нэгтгэл төслийн багтай хамтран хийж, хуулийн байгууллагуудын нэгдсэн системийн туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Зайн сургалтын системийг шинэчлэн боловсруулж, "eprocuror” системийн хэрэглэгчдэд гарын авлага бэлтгэснээс гадна холбогдох хичээлүүдийг "eprocuror” програмд оруулж, Прокурорын байгууллагын мэдээллийн сангаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод зориулсан мэдээлэлд хандах програм хангамжийн бэлтгэл ажлыг хангасан.Прокурорын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/41 дугаар тушаалаар "Прокурор, ажилтнаас сургалт зохион байгуулах ажиллагаа”, А/46 дугаар тушаалаар "Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийг тус тус шинээр болон шинэчлэн батлуулан хэрэгжүүлж байна. "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ыг судлах суурь судалгааг хийж, дүнг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, судалгааны үр дүнд үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэл хүргүүлэв. Судалгааны үр дүнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсэгт прокурорын байгууллагын төлөөлөл орж ажиллаж байна. 

Гадаад улсуудаас  эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн  17 хүсэлтийг биелүүлжээ

Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа: 2017 онд эрх зүйн туслалцаа авах талаар ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан, Хонг Конг, ИБУИНВУ, Австрали, Австри,Швейцарь, Сингапур, Панам зэрэг нийт 12 улсад 18 хүсэлтийг хүргүүлсэн байна.  Харин гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн  17 хүсэлтийг биелүүлж, 1 хүсэлтийн дагуу ажиллагаа хийгдэж байна. Прокурорын байгууллага  гадаад улсад хууль бусаар байршуулсан хөрөнгө, орлогыг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсад буцаан авчрах ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллаж ирлээ. Тухайлбал, Монгол, БНСУ-иргэд бүлэглэн Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох эртний амьтны ховор олдворыг хууль бусаар худалдан БНСУ руу гаргасан гэмт хэргийн нотлох баримт болох үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаан авахаар 2015 онд БНСУ-ын Дээд прокурорын газартай харилцан тохиролцсоны дагуу үлэг гүрвэлийн яс хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн эрүүгийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, шинжээч нарын хамт БНСУ-д ажиллаж, үлэг гүрвэлийн олдворыг эд мөрийн баримтаар хүлээн авсан. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй  авлига, албан тушаалын зарим хэрэгт гадаад улсад буюу оффшор бүсэд байршуулсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авах ажиллагааны хүрээнд эрх зүйн туслалцааны хүсэлтийг илгээн, холбоо тогтоож хамтран ажиллаж байна. 2017 онд гадаад улсад хорих ял  эдэлж байгаа 7 иргэн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлт гаргаснаас БНХАУ-д ял эдэлж байсан Б.Байгальмааг шилжүүлэн авсан ба 6 ялтныг шилжүүлэн авах тухай шийдвэр болон шаардагдах материалыг холбогдох байгууллагад уламжилсан.  Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын харьяат 3 хүн эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1, БНХАУ-ын 2 иргэний харьяалах улсад нь уламжилсан байна. 

 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1649 удаа яриа таниулга хийсэн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Прокурорын газрууд нь 2017 онд  эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг  254 удаа судалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн шалгалтанд 513 удаа оролцож, судалгаа, шалгалтын дүнд үндэслэн  урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1649 удаа яриа таниулга хийсэн нь өмнөх оноос 449 буюу 37.2 хувиар өссөн байна.

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөө 01 сарын 29-нөөс 02 сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон бөгөөд  сургалт зөвлөгөөны үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, хэлсэн үгэндээ: "...Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй... Монгол улс хүчирхэгжин хөгжихөд хуулийн байгууллагуудын чармайлт шийдвэрлэх хүчин зүйл болох ёстой. Хууль үгүй бол хөгжил үгүй. Шударга ёс алсарвал сайхан амьдрал ч холдоно. Тийм учраас хуулийн байгууллагуудын нийт ажилтнууд хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг хэлбэрэлгүй хэрэгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй байна. Та нарын тус эх орон, ард түмэнд чинь чухлаар шаардагдаж байна..." гэсэн билээ.

 
Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан удирдах ажилтнуудад үүрэг, чиглэл өгч хэлсэн үгэндээ:  "...Үйл ажиллагаандаа үнэлэлт, дүгнэлт хийж, прокурорын хяналтын ажлын чанар, үр дүн, прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйд тавигдах шаардлагыг өндөржүүлэх, прокурор, ажилтны өдөр тутмын ажилд хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн батлан гаргасан удирдамжийн баримт бичгүүдийг нэг мөр хэрэгжүүлэх, тэднийг удирдлага, мэргэжил, арга зүйгээр тогтмол хангах, цахим бүртгэлийн хөтлөлтийг нэг мөр хэвшүүлэх, ажиллах орчин нөхцлийг нь сайжруулах зэрэг асуудлаар хийх ажил багагүй байгааг онцлон тэмдэглэсэн билээ.

 

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 2018 ОНД ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД  ДООРХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛСЭН.
1.Прокурорын хяналтын ажилд шинэчлэгдэн батлагдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сахилга хариуцлагаа дээшлүүлж, ажлын чанар, үр дүнд ахиц гаргах;
2.Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах;
3.Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, яллахаас татгалзах, хэрэг бүртгэлтийнхэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүхээр хэрэг цагаатгуулахгүй байхад онцгой анхаарч, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийг төлөөлөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх;

4.Прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн модуль, цахим сургалтыг нэвтрүүлэх, суралцагч хамт олон болох зорилтуудыг тус тус дэвшүүлээд байна.

 

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газар 

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй