2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:52 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав

         Монголын хууль зүйн салбарт “Өмгөөлөгч” нэрээ өндөрт өргөж, “Хуульч”-ийн алдраа мандуулж яваа Лхамжавын Батжав гэх эл эрхэмтэй уулзаж ярилцлаа. Түүний бүтээж туурвисан ном бүтээл, туулж өнгөрүүлсэн амьдралын амт шимтээс уншигчиддаа хүргэхийг зорив.

          Та Монголын хамгийн залуу хурандаагаар тодорч явсан хүн. Өөрийнхөө тухай сэтгүүлийн маань уншигчдад танилцуулаач....

           Миний хувьд Монголын хамгийн залуу хууль зүйн ухааны доктор, хамгийн залуу профессор, Монголын хамгийн залуу хурандаа цолтон болж байлаа. Хууль зүйн ухааны доктор цолыг хамгаалахдаа 18 сэдэвт нэг зохиол бичиж, хамгаалж байсан. Одоогоор хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр 29 ном, 80 гаруй өгүүлэл бичиж, түүнээс 20 гаруй нь гадаадын сэтгүүлд хэвлэгдсэн юм. Мөн түүнчлэн хууль зүйн ухааны хоёр доктор, 60 гаруй мастерыг удирдаж хамгаалуулсан. Нэлээн олон их дээд сургуульд багшилж байсан. Нийт 5000 гаруй шавьтай. Харин одоо бол шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд хичээл зааж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зочин багшаар ажиллаж байна.

           Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

       Ажлын гараа гэвэл анх сургууль төгсөөд би Батлан хамгаалах их сургуулийн эрх зүйн тэнхимд багшаар очиж байлаа. Удалгүй тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллаж байсан. Нэг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас залган ирж уулзахыг хүссэн. Тэгээд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлого хариуцсан ахлах референт, албаны даргаар ажиллаж эхэлсэн.

      Миний хувьд Монгол Улсынхаа 3, 4 дэх Ерөнхийлөгчид шадарлаж авснаараа бахархдаг. Дараа нь “Байгаль орчны багц хуулийг боловсруулах шаардлага байна. Очиж ажиллах уу” гэсэн саналыг тухайн үеийн Байгаль орчны сайд, УИХ-ын дэд дарга нар тавьснаар Байгаль орчны яаманд очсон. Тэнд Хуулийн хэлтсийн газрын дарга, Хяналт шинжилгээ, дотоод аудитын даргаар ажилласан. Түүний дараа нь УИХ-ын Тамгын газар судлаач Референт, Хуулийн хэлтсийн орлогч дарга гэсэн албан тушаалын хашиж байсан юм. Хамгийн гол нь хуульчийнхаа хувьд хууль санаачлах эрх бүхий гурван субъектийн ажлын аппаратад орж ажиллаж хууль боловсруулах үйл ажиллагаанд гар бие оролцож байсныгаа нэр төрийн хэрэг гэж боддог.

    Таныг салбарынхан дундаа нэлээн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн өмгөөлөгч гэж учир мэдэх хүмүүсээс сонссон. Зартай хэрэг дээр ажиллаж байснаар тань Монголчууд сайн мэддэг. Тухайлбал, Солонгосын мафийн толгойлогчийг өмгөөлсөн гэх мэт....?

         Миний хувьд өмгөөлөл хийснээс хойш 20 гаруй жил болжээ. Өмгөөллийн эрх зүйн хичээлийг ч олон жил заалаа. Энэ хугацаанд цөөнгүй хүнийг өмгөөлж байлаа. Тэр дундаас Солонгосын мафийн толгойлогч нөхрийг өмгөөлж байсан нь тухайн үедээ хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр их гарч байсан. Тэр юу болсон бэ гэхээр  нэгэн Солонгос хүн над дээр ирсэн юм. Хожим нь сонсоход Солонгос, Японд үйл ажиллагаа явуулдаг мафийн гишүүн, Монгол дахь толгойлогч гэгдэх Пак Чол Гү гэдэг хүн байсан юм байна лээ. Тэрээр “Монголд ирээд танай улсын нэг нэртэй бизнесмен, улс төрч, төрийн албан тушаалтантай хамтран бизнес хийх гэсэн боловч бүтсэнгүй. Хохирчихлоо. Өөрийг чинь судалж байгаад зориод ирлээ" л гэсэн. Тухайн үед би “Хууль гэдэг бол бүх хүнд тэгш үйлчлэх ёстой" гэсэн үүднээс тэр хүнийг өмгөөлсөн. Ингээд Монголын гурван шатны шүүхээс өмгөөлж байсан хүний минь талд шийдвэр гарч байсан юм. Дараа нь сүдлаад байхад гадаадын нэлээд зартай гэмт бүлэглэлийн толгойлогч, зургаан хуруутай, хожим нь Монголын хууль хүчний байгууллагаас албадан гаргасан, сонин л намтартай хүн байсан. Өөр гэмт бүлэглэлтэй нэгдэж тангараг өргөх болгондоо хуруугаа тасдаж цусан тангараг өргөсөөр дөрвөн хуруугүй болсон гэсэн.

          Энэ хэргийг өмгөөлөх явцад хохирогчийн сууж явсан машиныг хохироогч гэх хүний машин мөргөж хэдэн хүн гэмтсэн автын осол гарсан. Энэ нь нийгмийн тодорхой хэсэгт шуугиан нэмсэн. Миний бодлоор санамсаргүй тохиолдол байсан гэж боддог. Гэтэл хохирогч талаас санаатай үйлдэл байсан гээд, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Солонгосын мафийн гишүүнтэй Монголчууд адилхан мафи сэтгэхүйгээр тэмцлээ гэх мэтээр бичиж өгсөн дөө. Тэр үед олон шар сонин байсан даа. Одоо ч надад хадгалаатай байдаг юм.

Өнөөдөр Монголд өмгөөлөл хийхэд хэр хэцүү вэ, хууль эрхзүйн хувьд тийм ч таатай биш байх?

          Ер нь бол хуулийн гарц гаргалгааг хэрхэн гаргаж ирснээр л тэр хэрэг шийдэгддэг. Өнөөдөр Монголд мөрдөгдөж байгаа тав, зургаан зуу гаруй хууль, түүнийг дагалдаж гарсан журам, Олон улсын гэрээ гээд найм, есөн зуун эрх зүйн акт дундаас өөрт холбоотой заалтыг олж, өмгөөлөгч хүн хэрэг дээрээ ашиглах ёстой. Миний хувьд хамгийн гол нь өмгөөлсөн хэрэгтээ ялах л хэрэгтэй гэж боддог.

     Өмгөөлөгч хүний жаргал юу вэ?

          Өгсөн хууль зүйн зөвлөгөө, өмгөөлсөн өмгөөллийн үйл ажиллагаа амжилттай дуусч, үйлчлүүлэгч минь баярласнаа илэрхийлэх тэр мөч. Нөгөө талаас ээдрээтэй асуудлын гогцоо тайлагдаж, шударга үнэнээр асуудал шийдвэрлэгдэх тэр мөч гэж ойлгодог.

Сэтгэгдлүүд
Уянга (2017-06-21 )

Сонирхолтой бас баялаг намтартай, ажлын туршлагатай хүн юм. Амжилт хүсье.

Уянга (2017-06-21 )

Сонирхолтой бас баялаг намтартай, ажлын туршлагатай хүн юм. Амжиль хүсье.

Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй