2018 оны 04 -р сарын 25 -ны өдөр. Одоо Улаабаатарт 16:10 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Донор болохоос татгалзсан хүсэлт гаргаагүй нас барсан тохиолдолд шууд донор болгох эрхзүйн орчин бүрдэх үү

donor

-ИРГЭН ДОНОР БОЛОХООС ТАТГАЛЗАЖ ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР ГАРГАНА-

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд байгуулж, донор тойрсон олон асуудлууд шийдэгдэнэ гэдгийг салбарын сайд нь тайлбарласан.Үүнээс гадна тээгч эхийн асуудлыг эрх зүйн зохицуулалттай болгож буйгаараа ихээхэн онцлог юм.

Гэсэн хэдий ч сайн хажуугаар саар гэгчээр хуулийн төслийг эргэн харах шаардлага үүсгэж буй зарим ноцтой заалтууд орсон нь анхаарал татаж байна. Тухайлбал, хуулийн төсөлд “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахаас татгалзах шийдвэрээ гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгөх эрхтэй” гэсэн заалт тусгагдаад буй.

 Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед уг заалтыг гишүүд ихэд шүүмжлэн, амьд донороос гадна амьгүй донороос эд эс авахыг татгалзсан шийдвэрийг яагаад заавал 25 наснаас эхэлж бичгээр авах гаргаж байгааг тодруулж байв.

Хариуд нь  ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга “Тухайн хүн татгалзах уу, зөвшөөрөх үү гэдэг асуудал дээр нас заасан юм. Татгалзах тухай бичгийг 25-наас дээш хүн бичих нь зөв юм гэж үзсэн. Залуучууд сэтгэл хөөрлөөр хандах вий гэж бодсон. Монгол Улсын иргэний үнэмлэх хоёр дахь удаагаа авдаг үе 25 нас дээр байдаг. Тиймээс энэ үеэр асуулт, хариулт явуулах юм” гэсэн тайлбар хийж, саналаа дэмжүүлээд өнгөрсөн билээ.

-ХҮСЭЛТЭЭ ГАРГААГҮЙ  НАС БАРСАН ТОХИОЛДОЛД  ШУУД ДОНОР БОЛОХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭХ ҮҮ-

Олон Улсад амьгүй донороос эд эрхтэн авах зөвшөөрлийг Opting-in, opting-out гэж хоёр ангилдаг аж.

OPTING-IN – Өвчтөн эсвэл ар гэрийнхний зөвшөөрөл авах

OPTING-OUT –Амьд ахуйдаа донор болохоос  албан ёсоор татгалзаагүй л бол нас барахад нь шууд донор болгох аргачлал юм.

Хувь хүний эрх дээр үндэслэгддэг OPTING-IN аргачлалыг эрүүл мэндийн байгууллагын систем нь сайн бэхэжсэн, дэлхийн лидер орнууд болох Австрали, Канад, БНСУ, Герман, АНУ, Япон зэрэг улсууд хэрэглэдэг байна.

Харин нийгмийн хариуцлагад үндэслэгддэг OPTING-OUT аргачлалыг Аргентин, Итали, Парагвай, Сингапур, Грек, Унгар, Чех зэрэг улсууд хэрэглэдэг аж.

Нэг онцлогтой нь эдгээрийг зэрэгцүүлэн хэрэглэдэг жижиг төдийлөн байдаггүй. Аль нэг аргачлалыг нь сонгож, холбогдох хуулиндаа тодорхой зохицуулалт хийдэг байна.

Гэтэл Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хоёр аргачлалыг зэрэгцүүлэн хэрэглэхээр оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал, 25 наснаас дээш нас барагч хэн нэгэн этгээд донор болохоос татгалзаж хүсэлтээ гаргаагүй л бол эд эрхтэнийг нь донор болгох үндэслэл үүсэх аж.

Олон Улсад донорын асуудал өөрөө ихээхэн эмзэг. Тиймээс ч холбогдох хуулийг нь маш сайн бодолцож батлахгүй бол эргээд гарах эрсдэл нь өндөр байдаг. Урд хөршид л гэхэд эд эрхтнээ бусдад шилжүүлэх, донор болох хандлага ихээхэн түгээмэл байдагтай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг их гардаг байна.

Нэгэн үес урд хөршид гадны орнуудаас донор хайсан иргэд олноор ирж, дагаад гэмт хэргийн сэдэл ихэссэн тул зөвхөн Хятад хүн хятад хүндээ донор байхаар хуульчилж өгсөн жишиг ч байна. Манай улс эрхтэн шилжүүлэн суулгах зардлыг төрөөс хариуцдаг болж, холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа нь сайн хэрэг  юм. Гэвч үндэстний онцлог, ахуй байдал, шашин шүтлэг зэрэг олон асуудалд уялдуулах шаардлагатай буйн нэг жишээг дээр дурдлаа.  

 

 Мэдээллийг: Мedee.mn, Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй