2017 оны 12 -р сарын 12 -ны өдөр. Одоо Улаабаатарт 03:54 цаг болж байна.
Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933     Хууль зүйн лавлах: 1900-1933    

Шүүгчид материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, чадвараа дээшлүүлж байна

  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан хуульчийн үргэлжилсэн багц цаг олгох сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу хоёр ээлжээр зохион байгуулж байна. Сургалтад захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 90 шүүгч оролцож, захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль хэрэглээний мэдлэг, чадвараа дээшлүүлэх юм.

      Сургалтын нэгдүгээр ээлжийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Шүүхийн сургалтын Баяндөхөм төвд зохион байгууллаа.

      Энэ жилийн сургалтын зорилго нь захиргааны материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль тогтоомжийн хэрэглээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж, хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх практик мэдлэг, тодорхой төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаарх мэдлэгийг олгох, нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

     Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Д.Сүнжид, Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ нар "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч "Захиргааны гэрээний маргааны онцлог”, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Мөнх-Эрдэнэ нар "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хангах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал нар "Захиргааны хэрэг хянан шийдвэрлах ажиллагаанд мэтгэлцэх зарчим болон шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нар "Захиргааны хэргийн шүүхээр Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээр удирдан явуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.                   

     Хоёрдугаар ээлжийн сургалт 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрүүдэд шүүхийн сургалтын Баяндөхөмд төвд үргэлжилнэ.

 

Эх сурвалж: judcouncil.mn

Сэтгэгдлүүд
Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй