Эрх зүйт, ардчилсан төрд хуульчийн гүйцэтгэх үүрэг

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2019-05-28

УИС-ийн Хууль зүйн сургуулийн
хүндэт доктор, Юрген Харбих

Герман хувилбар

Монгол Улсын иргэд германчууд бидний нэгэн адил ардчилал, эрх мэдлийн хуваарилалт, хүний үндсэн эрхийг гол зарчмаа болгон тунхагласан улс орны иргэд билээ. Бид ардчилсан эрх зүйт төрд, орчин үеийн үндсэн хуульт оронд оршин амьдарч байна. Монголын хувьд ч манай улсын хувьд ч үргэлж ийм байсангүй. Герман улсаас үүсэлтэй ардчилсан эрх зүйт төрийн үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйл явдал 20 дугаар зуунд болж өнгөрсөн нь манай улсын төдийгүй, дэлхийн бусад улсын түүхэнд гашуун сургамж болон үлдсэн юм. Ардчилал, эрх зүйт ёс тэнгэрээс унаж ирдэг хишиг биш, харин ихээхэн хүчин чармайлт шаардсан үнэ цэнтэй зүйл байна гэдгийг бид бүхэн мэднэ. Энэ үнэ цэнтэй зүйл маань үргэлжийн мөнхөд байна гэсэн баталгаа бас үгүй.

Гагцхүү бүх хүчээ дайчлан зүтгэж байж л энэхүү ардчилсан эрх зүйт төрийн үр шимийг хүртэнэ. Түүний үр шим нь юу вэ? гэдгийг эргэн саная:

Тэр нь Үндсэн хуульдаа бидний тунхагласан хүний эрх, хуулийн өмнө хүн бүр тэгш байх явдал, ялангуяа хүйсийн тэгш эрх, шашин шүтэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шинжлэх ухааны эрх чөлөө, ардчилсан сонгох сонгогдох эрх, эрх мэдлийн хуваарилалт, захиргаа хуульд захирагдах ёс, дур зоргоор авирлахыг хориглох, эрх зүйг шүүх эрх мэдлээр хамгаалах ёс, шүүгчийн хараат бус байдал, эцэст нь дурдалгүй өнгөрч үл болох зүйл бол эрх зүйт төрийн титэм болсон Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл юм. Энэ бүгд үнэ цэнтэй зүйлс гэдэг нь маргаангүй.

Харин эдгээр үнэт зүйлсийн төлөө бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллах нь эрэгтэй, эмэгтэй нэгэн адил хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Юуны өмнө төрийн эрх мэдлийн гурван салаа руу товч анхаарал хандуулъя:

 I. ПАРЛАМЕНТ

Ард түмнээс сонгогдсон Парламент нь хууль баталж, улсын эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлж, шинэчилж тогтвортой байлгах чиг үүрэгтэй. Хуулиар хувь хүн, хувийн эрх зүйн болон төрийн бус байгууллага (ТББ), аж ахуйн болон гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тогтоодог. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээг ч мөн хуулиар тогтоосон байдаг.

Парламент нь хууль батлахдаа шийдвэр гаргах өөрийн гэсэн орон зайтай байдаг бөгөөд улс төрийн намууд тэрхүү орон зайн хүрээнд өөрсдийн бодлогыг хэрэгжүүлдэг. Гагцхүү хуулийн хүрээнд баталсан хууль л хууль ёсны хэмээн тооцогддог. Өөрөөр хэлбэл, Парламент ч гэсэн чиг үүргээ эрх зүйн хүрээнд, тодруулбал Үндсэн хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Түүний үйл ажиллагаа, шийдвэрийнх нь агуулгыг Үндсэн хуулиар хязгаарласан байдаг. Парламент дахь цөөнхийн эрхийг хүндэтгэж, хүний үндсэн эрхийг хамгаалж, дур зоргоор шийдвэр гаргахыг таслан зогсоох нь Үндсэн хуулийн тэрхүү хязгаар билээ. Аль ч улсад шийдвэр гаргагчид заримдаа эдгээр зарчмыг хараанаасаа гээх тохиолдол байдгийг бид бүхэн мэднэ. Иймд бид сонор соргог байгтун хэмээн сануулах учиртай. Үүнээс болж гарцаагүй зөрчилдөөн үүсэх нь олонтаа тохиолдоно. Хэдийгээр аливаа байгууллагын гишүүн дотогш болон гадагш чиглэсэн харилцаандаа байгууллагынхаа эрх ашигт үнэнч байх үүрэг хүлээдэг боловч хуулиас давж алхсан мөчөөс тэрхүү байгууллага гишүүдээсээ үнэнчээр зүтгэхийг шаардах эрхээ алддаг. Үндсэн хуулийн зарчим мөрдөгдөж, ардчилал, эрх чөлөө, тэгш эрх иргэн бүрийн амьдралд мэдрэгдэхүйц өөрчлөлт авчирч буй эсэхэд анхаарал хандуулж үүний төлөө тэмцэх нь парламентын гишүүн нэг бүрийн үүрэг гэдгийг гүнээ ухамсарлах шаардлагатай. Ялангуяа парламентад сууж буй хуульч эрх баригч нам, эсвэл сөрөг хүчинд харьяалагдаж байгаагаас үл хамаарч энэ үүргээ илүү өндөр түвшинд ухамсарлаж хэрэгжүүлэх ёстой. Хуульч хүний ёс зүй нь ямар ч өндөр дээд албан тушаалтны эсрэг зогсож тэмцэхийг шаарддаг.

Манай Европын Холбоонд өнөөдөр эрх зүйт төрийн тухай эрчимтэй маргаан мэтгэлцээн өрнөж байна. Тус Холбооны нэг бус гишүүн орны парламентын олонх нь Үндсэн хуулиар тогтоосон хүрээ хязгаарыг давж, нийгмийн бүх оролцогчдоос бат тогтвортой суурь хэмээн хүлээн зөвшөөрөгдөж ирсэн эрх зүйт төрийн суурь зарчмыг зөрчиж байгааг бид нэлээд хэдэн жилийн өмнөөс харж байна. Тэрхүү хууль бус алхмыг зохион байгуулагчдын яриаг сонсоход өөрсдийгөө ард түмний ихэнх хувийн саналыг авч сонгогдсон парламентын олонх гэдгээр зөвтгөхийг оролдох нь элбэг байдаг. Ийм үндэслэлд цаг тухайд нь дорвитой няцаалт өгч байх шаардлагатай. Орчин үеийн үндсэн хуульт төрийн үндсэн хэв шинж нь гагцхүү ардчиллын суурь зарчмаар тодорхойлогдохгүй. Хараат бус шүүх, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх зэрэг эрх зүйт төрийн чухал элемент түүний хэв шинжийг мөн тодорхойлж өгдөг. Эрх зүйт төр нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй бүхий л шатны байгууллага, тэр дундаа юуны түрүүнд парламент хууль, болон эрх зүйг ямарваа ялгаварлалгүйгээр дээдлэн сахихыг шаардаж байдаг.

II. ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

Гүйцэтгэх эрх мэдэл, өөрөөр хэлбэл Засгийн газар болон түүний харьяаны байгууллагуудад та бүхний анхаарлыг хандуулъя.

Засгийн газар нь хэрэгжүүлэхээр баталсан мөрийн хөтөлбөртэй. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусах мөчид гаргасан амжилттай байж сонгогчдын саналыг дахин авах нь түүний ашиг сонирхол байдаг. Эрх зүйт төр төлөвшсөн орнуудад ч Засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байхдаа эрх зүйн хүрээ хязгаарыг хараанаасаа алдах тохиолдол гардаг. Энэ нь үргэлж зориуд санаатай  үйлдэл байдаггүй. Аль ч тохиолдолд хуульч хүн сонор соргог байх ёстой. Засгийн газарт ажилладаг хуульч, сайдын хуулийн зөвлөх гэх мэт аль ч шатанд ажилладаг бай хуульч хүн ямагт идэвх санаачилгатай байж үгээ хэлж байх ёстой. Хэдийгээр эрх зүйг төлөвшүүлж хөгжүүлэх, өөрчлөх нь улс төрлийнхний үүрэг мөн боловч энэ процесс нь эрх зүйн хүрээ хязгаараас гадна явагддаггүй. Хэмжээгүй эрхт хаант засаг болон дарангуйллын тогтолцооноос ялгаатай нь орчин үеийн үндсэн хуульт төртэй улсад улс төрийн хүчин нь эрх зүйн хүлээсэнд оршдог. Энэ нь эрх зүйн хөгжилд гарсан томоохон дэвшил юм. Төрөөс тогтоосон хуульд захирагдах үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүнээс эхлээд хамгийн доод шатны захиргааны байгууллага хүртэл хүлээдэг. Энэ бол онолын хувьд мэдээжийн зүйл. Гэвч практикт ямар бэрхшээл тулгардгийг бид бүгд мэднэ. Аль ч эрх зүйн тогтолцоонд нэгэн вирус байдаг нь хуулийн эмхэтгэлд нийтлэгдсэн хууль хэрэгжих шатандаа очоод замхардаг явдал юм. Эрх зүйт төр бүхий улсад ч бид доод албан тушаалтнаасаа хууль зөрчсөн үйлдэл хийхийг хүлээдэг, шаарддаг удирдлагатай. Мэдээж хэрэг дээд албан тушаалтан нь  ажилтандаа заавар, чиглэл өгөх эрхтэй. Харин тэрхүү заавар, чиглэлийг доод шатны ажилтан хууль бус гэж үзвэл хэрхэх вэ? Энэ тохиолдлыг улсууд Төрийн албаны тухай хуульдаа янз бүрээр л зохицуулсан байдаг байх. Германы хуулиар төрийн албан хаагч нь удирдлагаас өгсөн заавар, чиглэлийг сохроор дагах үүрэг хүлээдэггүй. Тэрээр аливаа заавар, чиглэл хууль зөрчсөн гэж үзвэл энэ талаар дээд албан тушаалтандаа байр сууриа илэрхийлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Энэ нь зөрчилдөөнд хүргэх байлаа ч төрийн албан хаагч түүнээс зайлсхийх эрхгүй. Хэрэв “тэмцэлгүйгээр” тулааны талбарыг орхивол, өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэг, харилцан яриа, хариу няцаалтгүйгээр ажлаа үргэлжлүүлбэл тэр нэг дор хоёр ялагдлын хариуцлага хүлээх юм. Нэгд, эрх зүйн ялагдал, хоёрт, хувь хүний ялагдал. Эхний ялагдлыг буцаан засч болох боловч хоёр дахь ялагдлыг залруулахад хэцүү, эсвэл огт  боломжгүй юм. Төрийн албан хаагч нэгэнтээ буруу зүйлтэй эвлэрсэн бол цаашид ч эвлэрсээр байх болно. Удирдлага нь түүнтэй тоглоомын бөмбөг мэт харилцаж эрх зүйт төр зовлонд унана. Германы төрийн албан хаагч удирдлагатайг зөрчилдсөн тохиолдолд ажлаасаа халагдахаас эмээх шаардлагагүй. Учир нь түүнийг хугацаагүй томилдог. Төрийн албан хаагчийн эрхлэх албыг өөрчилж болно. Гэхдээ үүнд аль ч төрийн албан хаагч бэлтгэлтэй байж хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Эс зөвшөөрвөл анхнаасаа төрийн албанд орох эрх үүсдэггүй. Төрийн албан хаагчийн байр суурь сул байж удирдлагатайгаа зөрчилдсөнөөс болж ажлаасаа халагдах айдас дунд ажлаа хийж буй тохиолдолд улс төр, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны салбарынхан ийм тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцэх ёстой. Энэ нь төрийн албан хаагчийн төлөө биш, эрх зүйт төрийн байр суурийг бэхжүүлэхийн төлөө юм. Хэдий төрийн албан хаагчийн эрх зүйн байдал сул байлаа ч хүчтэй удирдагч доод албан тушаалын хүмүүстээ үзэл бодлоо зоригтой илэрхийлж “би үүн дээр өөр байр суурьтай байна” гэж өөдөөс нь зоригтой дуугарах боломжийг олгодог. Ажилдаа эрүүл саруул ухаанаар ханддаг дарга өөрийнх нь удирдлагад ажиллаж буй хүмүүсийн саналыг сонсож тэдний дэвшүүлсэн үндэслэлийг анхааралтай дүгнэж цэгнэж шийдвэрээ гаргадаг. Төрийн албанд ажиллаж буй хуульч  ийнхүү үзэл бодлоо чөлөөтэй нээн ярилцдаг соёлыг дэлгэрүүлж чадна. Төрөл бүрийн сургалтаар ийм соёлыг дэмжих боломжтой.

III.   ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Эрх зүйт төр бол тэнгэрийн хишиг биш, түүнийг хичээл зүтгэл гаргаж тэмцэж олдог, оршин тогтноход нь хүчин чармайлт шаардлагатай гэдгийг бид ямагт санаж ухамсарлаж байх нь зүйтэй.  Монгол Улс Үндсэн хуулиараа  (49 дүгээр зүйлийн 1дэх хэсэг) ХБНГУ-ын үндсэн хуулийн нэгэн адилаар (97 дүгээр зүйлийн 1дэх хэсэг ) шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулсан. Энэ нь эрх зүйт төрийн хөгжлийн тулгуур чулуу бөгөөд үндсэн хуулийн шүүх эрх мэдэл нь эрх зүйт төрийн титэм хэмээн ойлгож болно.

Шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс юугаараа ялгардгийг эргэн санацгаая. Гүйцэтгэх эрх мэдэл өмнөө тодорхой зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлдэг, жишээ нь: улсын хөгжлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, агаарыг цэвэр байлгах, ерөнхий боловсролыг сайжруулах, их сургуулийн сургалт, судалгааг эрчимжүүлэх зэрэг г.м. Энэ бүхэн гагцхүү хуулийн хүрээнд хэрэгжиж байж л хууль ёсны болно. Гүйцэтгэх эрх мэдэл зорилгоо хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд эрх зүйн хүрээ хязгаарыг хараанаасаа гээх үе байдаг нь нууц биш. Эрх зүйд харш аливаа үйлдлийг эрх зүйт төрийн шалгуураар залруулах нь зайлшгүй юм. Орчин үеийн үндсэн хуульт төрд ийнхүү залруулах үүргийг хараат бус шүүх эрх мэдэл хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх эрх мэдлээс ялгаатай нь шүүх тодорхой мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажилладаггүй. Шүүн таслах ажиллагаанаас ямар үр дүн гарах нь түүнд сонин биш. Нэхэмжлэгч, хариуцагч талын алиных нь талд хэрэг шийдвэрлэх вэ гэдэгт анхаарал хандуулах эрхгүй. Анхан шатны шүүхээс эхлээд Үндсэн хуулийн цэц хүртэлх бүхий л шүүх төвийг сахисан байгууллагын хувьд цорын ганц эрх ашигт үйлчилнэ. Энэ нь шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу, шударга явуулж хуульд нийцсэн шийдвэр гаргах явдал юм. Энэ чиг үүргээ шүүх гагцхүү хараат бус ажиллаж чадах нөхцөлд л биелүүлэх боломжтой юм.

Харамсалтай нь эрх зүйт төрийн үндсэн хуулийн байгууллагууд үндсэн хуулийн хэм хэмжээнээс давж гишгэх тохиолдол цөөн ч гэсэн гардаг. Ийм үед Үндсэн хуулийн шүүх нь тэдгээр байгууллагыг эргүүлэн Үндсэн хуульд заасан хэм хэмжээний хүрээнд авчрах үүрэгтэй. Германд ийм тохиолдол үе үе гардаг. Үндсэн хуулийн шүүхээс гаргасан ийм шийдвэрийг ялангуяа төрийн болон нийгмийн бүхий л хүчин хүлээн зөвшөөрөх ёстой. Үндсэн хуулийн шүүхгүй үндсэн хууль бол шүдгүй арслан лугаа адил хэмээх зүйрлэлийг эргэн сануулахыг хүсч байна. Ямар ч субъект, тэр дундаа ялангуяа төрийн байгууллага, мөн түүнчлэн нийгмийн хүчнүүд шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн үзэх ёстой. Энэхүү хараат бус байдалд халдах нь эрх зүйт төрд халдаж буй хэрэг юм. Европын нэгэн улсын ерөнхийлөгч эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй нэгэн шүүгдэгчийг хүнд ял авах ёстой хэмээн телевизээр мэдэгдэж байхыг бид 21 дүгээр  зуунд харлаа. Түүнийг тухайн улсад хэн ч шүүмжлээгүйгээр барахгүй шүүгчид нь хүлээлтэд нь нийцсэн шийдвэр гаргасан. Энэ улсад эрх чөлөөний дутмагшил хэр түвшинд хүрснийг тодорхойлоход тийм ч хэцүү биш байна.

Одоогоос 2000 гаруй жилийн өмнө буюу эртний Грекийн иргэд шүүгчийн хараат бус байдлыг өөрсдийнхөө эрх, эрх чөлөөний чухал баталгаа хэмээн үздэг байжээ. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй.

Шүүгчийн хараат бус байдал нь шүүгчид өөрт нь зориулагдаагүй. Шүүгчийн хувь хүнд нь олгож буй давуу эрх биш.  Тэрээр шүүхийн хэвийн ажиллагааг хангах зориулалттай.  Шүүгчийг сүрдүүлэх, хүсэлтийг нь үл харгалзан өөр шүүхэд шилжүүлэх зэрэг хараат бус байдалд нь халдсан аливаа үйлдэл нь германы нийгэмд томоохон эсэргүүцэлтэй тулгарах болно. Ийм тохиолдлыг олж мэдсэн иргэн бүр, тэр дундаа хуульчид дуугүй өнгөрч болохгүй. Түүнийг дөнгөж эхлэх үе дээр нь таслан зогсоовол зохистой юм.

Захиргааны хэргийн шүүх нь онцгой чухал үүрэгтэй. Тэрээр захиргааны актаар иргэний эрх зөрчигдөхөөс хамгаалдаг. Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэрийг засч залруулдаг нь ардчилсан эрх зүйт төрд байдаг ердийн л зүйл. Мэдээжээр эрх зүйн маргаантай асуудлыг тодруулах шаардлага үе үе тулгарна. Гэвч зарим тохиолдолд захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх эрх мэдлийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж, арилгах шаардлагатай болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага сонсох ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлээгүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлах үүргээ биелүүлээгүй байвал захиргааны хэргийн шүүх тэдэнд өршөөнгүй хандах эрхгүй. Учир нь үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахаас өөр сонголт захиргаанд байх ёсгүй. Германд захиргааны хэргийн шүүхийг мөн сурган хүмүүжүүлэх үүрэгтэй гэж ярьдаг. Хэрэв захиргааны албан тушаалтан сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргахаасаа халширч, түүнийг гаргах урьдач нөхцөл хангагдсан эсэхийг дахин дахин шалгаж байвал үүнийг эрх зүйт төрийн хөгжилд гарсан томоохон дэвшил гэж үзэж болно.

Шүүх эрх мэдэл нь мэдээж хэрэг төрийн нэгэн чухал бүтэц бүрэлдэхүүн юм. Хүчтэй шүүх эрх мэдэл, хүчтэй Үндсэн хуулийн шүүх ямар ч улсад хор хохирол учруулж байсан удаагүй. Харин ч эсрэгээр, хяналтгүй эрх мэдэл улс оронд гай тарих нь хамгийн элбэг байдаг.

Германы шүүгчид төр болон нийгмийн өмнө ихээхэн нэр хүндтэй байдаг. Үүнд олон шалтгаан байгаа байх. Тухайлбал дундад зууны үеэс шүүгчийг “Бурхны эрх мэдлийг газар дэлхий дээр хэрэгжүүлэгч” хэмээн дээдэлж ирсэн уламжлалт сэтгэхүйн нөлөө өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэнтэй ч холбоотой (Fritjof Haft, Aus der Waagschale der Justiz, 3. Auflage, 2001, S. 6).  Германы төрийн болон нийгмийн хүчнүүд Холбооны Үндсэн хуулийн шүүхийг бүх талаар хүлээн зөвшөөрөгдсөн Үндсэн хуулийн манаач хэмээн тооцдог.

Европын Холбооны тохиолдсон саяхны нэг жишээ дурдъя: Испанийн хууль сахиулах байгууллагаас улсынхаа нэгэн улс төрчийг ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр баривчлах тогтоол гаргасан байна. Тус улсын шүүх тэрхүү улс төрчийг салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлсний төлөө бослого гаргасан хэрэгт буруутгасан байна. Испанийн хуулиар ийм хэрэгт 30 жил хорих ял оноох боломжтой юм. Уг асуудлыг харьяалах Германы шүүхээс (Шлесвиг мужийн дээд шүүх) тухайн улс төрчийг Испани улсад шилжүүлэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Учир нь ХБНГУ-ын хуулиар салан тусгаарлагчийг гагцхүү хүч хэрэглэсэн тохиолдолд бослого гаргасан (буюу эх орноосоо урвасан) гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Дээрхи хэргийн хувьд ийм байдал тогтоогдоогүй байв. Испанийн Ерөнхий сайд зөөлнөөр илэрхийлбэл ХБНГУ-ын шүүхийн шийдвэрт урам хугарч байгаагаа илэрхийлсэн. Харин Испанийн Хууль зүйн сайд Рафаел Катала: “Испанийн Засгийн газар өөрт нь таалагдсан эсэхээс үл хамаарч шүүхийн шийдвэрт ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдэл бол  ардчилсан эрх зүйт төрийн үлгэр жишээ болохуйц улс төрч хүний үг юм. Ардчилсан эрх зүйт төрд улс төрч хүн ийм л өнцгөөс асуудалд хандах ёстой юм.

IV. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ӨМГӨӨЛӨГЧ, ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШИНЖЛЭХ УХААН

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, өмгөөлөгчид, хуульчдын холбоод болон шинжлэх ухааны

салбарынхан ч эрх зүйт төрийн манаач юм.

1) Хэвлэл мэдээллийн хэрэгсэл

Хэвлэл, радио, телевиз нь ардчилсан эрх зүйт төрд төрийн удирдлагад ажиллагчдыг ажиглах, хууль бус үйлдлийг ил болгох үүрэг хүлээдэг. Германы туршлагаас харахад дөрөв дэх хүчин хэмээн нэрлэгддэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа ямагт нөлөөтэй байсаар ирсэн.

2) Өмгөөлөгч

Өмгөөлөгч бол өөрөөр илэрхийлбэл хуулийг өмгөөлөгч юм. Германы нэгэн хуульд түүнийг хууль хэрэглээний байгууллага хэмээн тодорхойлсон байдаг. Өмгөөлөгч иргэний эрх зүйн маргаанд үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг төлөөлдөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийг өмгөөлдөг, захиргааны үйл ажиллагаанд болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны хэргийн шүүхийн өмнө үйлчлүүлэгчээ төлөөлдөг. Өмгөөлөгчийн ажил заримдаа хүнд бэрх байж болох ч иргэдийн эрхийн төлөөх тэмцэл нь нөлөөллийн хүрээ өргөнтэй. Өмгөөлөгч нь төрийн эрх мэдлийг  зохих хэмжээнд нь барихаас гадна шүүх тухайн тодорхой тохиолдол дээр хуулийг тайлбарлаж, хэрэглэн шийдвэр гаргах үед эргэлзээ бий болгох, ингэснээр эрх зүйн баталгаат байдлыг дэмжих, эрх зүйт төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг.

3) Хуульчдын холбоо

Хуульчдын холбоо ч ардчилсан эрх зүйт төрийн манаачийн үүргийг гүйцэтгэж болно. Хэрэв тэрээр бие даасан хараат бус байгууллага байж өөрийн бус, нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадвал төрийн хууль бус үйл ажиллагааг илчилж ул суурьтай тэмцэж таслан зогсоох боломжтой

4) Шинжлэх ухаан

Шинжлэх ухааны салбар нь хуульчдын залгамж халааг эрх зүйн салбарт хөтлөн оруулж ардчилсан эрх зүйт төрийн зарчим танилцуулж өгдөг. Шинжлэх ухаан нь оюутан суралцагчдад залуу хуульч хүний мэргэжлийн талбарт авч орвол зохих эрх зүйт төрийн ухамсрыг зааж сургадаг. Түүнээс гадна хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн,  багш нар төрийн удирдах эрх мэдлийн хүрээний үйл ажиллагааг амаар болон бичгээр дүгнэх, шүүмжлэх, сайшаах зэргээр дүгнэж байдаг. Чингэхдээ асуудалд улс төрийн бус эрх зүйт төрийн зарчмын өнцгөөс хандаж түүнийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг.

V. ТӨГСГӨЛ

Ардчилсан эрх зүйт төрийг хамгаалах, бэхжүүлэх нь төрийн болон нийгмийн хүчнүүдийн, нэн ялангуяа тухайн улсын хуульчдын мөнхийн үүрэг юм. Ардчилсан эрх зүйт төрд хууль, эрх зүй нь эрх чөлөө, шударга ёсны төлөө үйлчилдэг бөгөөд энэ бол маш том үнэт зүйл юм. Энэ үнэт зүйлийн төлөөх зүтгэл, тэмцэл нь хэзээд үр өгөөжөө өгдөг. Хуульч бүрийн зүрх сэтгэлд эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэх хүсэл эрмэлзэл улам бүр хүчээ авах болтугай.

13 дугаар зууны үеийн Европын гүн ухаантан Тома Аквиний (1225 – 1274) үгээр энэхүү илтгэлээ өндөрлөе. Тэрээр: “Үнэнийг өгүүлэгч нь хэнтэй ч маргалдсан үл ялагдана” хэмээжээ.

Хууль зүйн үндэсний хүрээлэн "Хууль дээдлэх ёс сэтгүүл" цуврал 71, дугаар 1 албан ёсны зөвшөөрөлтэй оруулав.

--оОо--

Эх сурвалж: conscourt.gov.mn

 

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 113
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй