Засгийн газрын үйл ажиллагаа ба шүүхийн хяналт

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2019-01-22

Бавари муж улсын Захиргааны сургуулийн удирдах зөвлөлийн дарга асан, доктор, МУИС-ийн ХЗС-ийн хүндэт доктор Юрген Харбих

 

 

Доктор, МУИС-ийн ХЗС-ийн

Хүндэт доктор Юрген Харбих

1) Хяналт тавих шаардлага

Эрх мэдэлд хяналт шаардлагатай. Хяналтгүй эрх мэдэл буруугаар ашиглагдах боломжтой, буруугаар ашиглагдаж ирсэн туршлага ч дэлхий дахинд бий. Ялангуяа төрийн эрх мэдэлд энэ нь хамаарах юм. Төрийн үйл ажиллагаанд хараат бус бие даасан шүүхийн зүгээс хяналт тавих болсон нь ардчилсан, эрх зүйт төрийн нэн чухал ололт билээ. Иргэн, хуулийн этгээд төрийн эрх мэдлийг нэн түрүүнд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас мэдэрдэг. Төрийн захиргааны доод, дээд шатны байгууллага болон тэдгээрийн орой болох засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Захиргааны байгууллагын (= гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага) гаргасан акт эрхийг нь зөрчиж байна гэж үзсэн хэн ч тухайн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг шалгуулахаар шүүхэд хандах эрхтэй. Харин Засгийн газрын шийдвэрт хяналт тавих нь аль шүүхийн чиг үүрэг вэ?

2) Монголын ЗХХШ тухай 2002 оны хуулийн зохицуулалт

УИХ-аас 2002 оны 12-р сарын 26-ны өдөр батлан гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн § 4.1.1-д Засгийн газраас гаргасан захиргааны актын эсрэг захиргааны хэргийн шүүхэд хандаж болохоор заасан байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 болон Дөчин тавдугаар зүйлийн 2-ыг үндэслэн Үндсэн хуульд харш хэмээн дүгнэхдээ “Засгийн газар бол үндсэн хуулийн байгууллага бөгөөд үндсэн хуулийн байгууллагаас гаргасан актыг захиргааны хэргийн шүүх бус харин Үндсэн хуулийн цэц харъяалан шийдвэрлэнэ” хэмээх үндэслэлийг дурдсан. Цэцийн энэхүү дүгнэлтийн үр дүнд ЗХХШТХ-ийн § 4.1. дэх захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудлын жагсаалтаас засгийн газрын захиргааны актыг хассан байдаг.

3) 2015 оны ЗХШХШТХ-ийн зохицуулалт

Шинэчлэн найруулсан ЗХШХШТХ хүчин төгөлдөр болсноор 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны ЗХХШТХ хүчингүй болсон. Уг шинэ хуулийн § 13.1-д захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудлыг ерөнхийлөн заах зарчмаар хуульчилсан. Үүний дүнд захиргааны аль байгууллага гаргаснаас үл хамааран бүхий л захиргааны актыг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэхээр болсон. Энэхүү шинэ зохицуулалт нь эрх зүйт төрийн төлөвшил хөгжилд дэвшил авчирсан чухал заалт юм. ХБНГУ-д ийнхүү ерөнхийлөн заасан зохицуулалт 1949 оноос нэвтэрсэн бөгөөд иргэн, төрийн хоорондох итгэлцлийг бэхжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

4) Засгийн газар үндсэн хуулийн болон захиргааны байгууллага болох нь

Монголын Засгийн газар бусад орны засгийн газруудын нэгэн адил үндсэн хуулийн байгууллага юм. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын талаар бие даасан бүлэг бий. Гэхдээ Засгийн газар нь зөвхөн үндсэн хуулийн байгууллага уу? Тэрээр үндсэн хуулийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж буй тохиолдолд шүүхийн хяналтыг гагцхүү Үндсэн хуулийн шүүх хэрэгжүүлнэ (Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2.3). Шинэчлэн найруулсан ЗХШХШТХ-д Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих талаар хэрхэн зохицуулсан бэ гэх асуулт гарна. 2004 онд байгуулагдсан захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан тохиолдолд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих явдал билээ. Өнөө мөрдөгдөж буй ЗХШХШТХ-ийн § 1.1.-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах” чиг үүргийг дурджээ. Тус хуулийн §3.1.1.-д зааснаас үзвэл захиргааны байгууллага гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн §5-д заасан байгууллага бөгөөд түүнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй төв байгууллага хамаарахаар заасан. Уг заалт ёсоор засгийн газар нь нэгэн зэрэг захиргааны байгууллага болно. Энэ нь зөвхөн Монголын онцлог биш. Бусад улс орнуудад ч засгийн газар нь хоёрдмол чиг үүрэг хэрэгжүүлдэг ба үндсэн хуулийн байгууллага байгаад зогсохгүй мөн захиргааны байгууллага байдаг. Аль чиг үүргийг хэрэгжүүлж буйгаас хэргийн харъяалал хамаарна. Парламент дахь сөрөг хүчинтэй харилцаанд орж буй үедээ засгийн газар нь үндсэн хуулийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлж байдаг. Засгийн газар болон сөрөг хүчний хооронд эрх зүйн маргаан үүсвэл үндсэн хуулийн шүүхийн харъяаллын асуудал байх ба Германд ч ялгаагүй захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж болохгүй. Үүний зэрэгцээ хуулиар засгийн газарт захиргааны акт гаргах чиг үүрэг олгосон байх нь олонтаа. Монголын ЗХШХШТХ-ийн 3.1.1., 3.1.2., Захиргааны ерөнхий хуулийн 5, 11-р зүйлүүдэд ийм агуулгатай зохицуулалт тодорхой харагддаг. Захиргааны акт, тэр дундаа засгийн газраас гаргасан захиргааны актыг хянан шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхийн харъяаллын асуудал байдаг (ЗХШХШТХ-ийн § 13.1.). Өөр шүүхэд харъяалуулсан зохицуулалт байхгүй.  

5) Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2-р дүгнэлтийн эрх зүйн утга агуулга Засгийн газрын шийдвэрийг хянах эрхийг захиргааны хэргийн шүүхэд харъяалуулахад Үндсэн хуулийн цэцийн 2005 оны дүгнэлт саад болсон уу? Хариулт нь үгүй. Хууль тогтоогч эрх зүйн хэм хэмжээг давтан тогтоох эрх чөлөөтэй. Ө.х. УИХ нь 2005 оны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг харгалзаж үзэхгүйгээр түүнийг зөрчсөн эрх зүйн хэм хэмжээний акт гаргасан. Учир нь хууль тогтоогч гагцхүү үндсэн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг ба үндсэн хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй. Гэвч энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олоогүй. Хууль тогтоомжийг давтан гаргах эрх нь эрх зүйн хөгжил царцангишихаас сэргийлдэг байна. Түүнчлэн шийдвэрээ эргэн харж залруулах боломжийг үндсэн хуулийн шүүхэд олгодог.

6) ЗХШХШТХ-ийн 13-р зүйлд нэмэлт оруулах хэрэгцээ бий юу? Хэрэв Засгийн газрын гаргасан захиргааны актыг Үндсэн хуулийн цэцэд харъяалуулахаар шийдвэрлэвэл энэ нь тогтолцоотойгоо зөрчилдөхөд хүргэх юм. Учир нь үндсэн хуулийн шүүх нь гагцхүү үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх гол хэмжүүр нь гагцхүү Үндсэн хууль (Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл) байдаг ба түүнээс доогуур түвшний ердийн хуулиуд хэрэглэгддэггүй. Харин захиргааны актыг захиргааны хэргийн шүүх ердийн хуулийн хэмжүүрээр хянадаг (ЗХШХШТХ-ийн § 2). Үндсэн хуулийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийнхээс өөр зарчмаар явагддагийг бас анхаарах нь зүйтэй.

7) Одоо мөрдөгдөж буй эрх зүйн орчинд нийцэж болох шийдэл Эрх зүйн бодлогын хувьд засгийн газрын захиргааны үйл ажиллагааг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хянуулах нь зохимжгүй гэж үзвэл Дээд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хувилбараар хуульчилж болох юм. Энэ нь тогтолцоогоо эвдэхгүй, эрх зүйн бодлогын хувьд өнөөгийн нөхцөлдөө илүү тохирсон шийдэл байж болох юм.

Эх сурвалж: mongolia.hss.de

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 113
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй