Аль шүүхэд нэхэмжлэлээ гаргах вэ?

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2017-05-10

 Шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах харьяалал

         Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд аливаа гомдол, нэхэмжлэлийг “Аль шүүхэд гаргах вэ” гэдэг асуудлыг нарийвчлан тодорхойлж зохицуулсан дараах зохицуулалтууд байдаг.  Үүнд: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар дараах тохиолдолд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргана: Үүнд:

  • 1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
  • 2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • 3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • 4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.
  • 5.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар дараах тохиолдолд  нэхэмжлэгчийн сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалалаар нэхэмжлэлийг гаргана. Үүнд: 

  • 1.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
  •  2.Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.
  • 3.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.
  • 4.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар “шүүхийн онцгой  харьяалал”-ын дагуу гаргах нэхэмжлэл нь:

  • 1.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.
  • 2.Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргаж болно.
  • 3.Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.
  • 4.Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

        Харин захиргааны хэрэг маргаантай холбоотой гомдол, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар "Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана".

Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй