ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ: Улаанбаатар хотын орчны бохирдол- Усны бохирдол

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2018-05-04

No automatic alt text available.

...Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн салшгүй нэг хэсэг нь цэвэр усаар хангагдах эрх юм. Гол, мөрний усны химийн бүрэлдэхүүн, чанар тогтворгүй бөгөөд уур амьсгал, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр байнга өөрчлөгддөг байна. Гадаргын усны чанарын үнэлгээгээр гол мөрөн, нуурын усыг маш цэвэр, цэвэр, бага бохирдолтой, бохир, маш бохирдолтой гэж ангилна. Улаанбаатар хотын болон ойролцоох аймаг, сумдын иргэдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул гол нь Монгол Улсын хамгийн их бохирдолтой гол бөгөөд Улаанбаатар хотоос баруун тийш буюу Сонгино гэдэг газраас Хаданхясаа хүртэлх газарт хамгийн их бохирдолтой гарчээ. Туул голыг бохирдуулж буй гол эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд хоног тутам үйлдвэрийн болон ахуйн гаралтай хаягдал, бохир ус цутгаж буй хэсгээс эхлэн голын усны чанар маш их буурдаг байна.

Өдгөө Улаанбаатар хотод хаягдал, бохир ус цэвэрлэх томоохон 12 цэвэрлэх байгууламж байна. Эдгээр байгууламж хоногт ойролцоогоор 160-170 мянган шоо метр бохир ус цэвэрлэн Туул голын усанд нийлүүлж байна.

Үүнээс үүдэн Туул голын усаар ундаалдаг хүн, мал, амьтадын эрүүл мэндэд эрсдэл, аюулыг бий болгоод байна. Туул гол дамжин урсдаг Төв аймгийн Алтанбулаг, Лүн зэрэг сумдын малчин өрхүүд энэхүү эрсдлээс үүдэн малаа Туул голын усаар бус худаг гарган услаж буй нь малчдын уламжлалт мал аж ахуйд ихээхэн дарамт үзүүлж буйн нэг илрэл юм. Агаар, хөрсний бохирдлоос шалтгаалан Улаанбаатар хотын баруун хэсэгт өмхий үнэртэх болсноор иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийдэг байна. Ундны усны эх үүсвэр, насос станц, дамжуулан шахах станц, усан сан, ус түгээх байруудын усны чанар, аюулгүй байдалд 3.5 код бүхий “Ундны усны чанар, аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийн химийн хатуулаг, магни, кальци, төмөр, сульфат, хлорид, нитрит, нитрат, аммиак, хар тугалга, хүнцэл, фтор, иодын агууламж зэрэг химийн үзүүлэлт болон нянгийн тоо, гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нян зэрэг нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийдэг байна.

Тус газар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас 2017 оны 5, 11 дүгээр саруудад дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулж, Хүрээлэн буй орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандарттай харьцуулахад 5 дугаар сард хийсэн шинжилгээний дүнгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.6, жигнэгдэгч бодис 2.7 дахин их, 11 дүгээр сард авсан шинжилгээгээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.9, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.5, жигнэгдэгч бодис 2.8 дахин их гарчээ.

Мөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зориулалт бүхий “Харгиа” цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийлгэн, Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандарттай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгөхөд бохирдлын химийн үзүүлэлт болох биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.7, жигнэгдэгч бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6, хлорид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их гарсан байна.

Ус сувгийн удирдах газрын харъяа Төв цэвэрлэх байгууламж нь 1964 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэлчүүдийн хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг нэг өдөрт цэвэршүүлж байна. Үүний тулд анхдагч бохир хүлээж авах дөрөв, хоёрдогч бохир усыг цэвэршүүлэх таван тогоо бүхий тунгаагуур ажилладаг байна. Тус байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор Испани улсын хөрөнгө оруулалтаар хоёр шаттай төсөл хэрэгжүүлсэн бөгөөд 2003-2004 онд хэрэгжсэн нэгдүгээр шатны төслөөр агааржуулалтын системийг сайжруулсан бол 2007-2009 онд хэрэгжсэн хоёрдугаар шатны төслөөр насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдийг шинэчилсэн байна. Мөн усыг өмнө нь хлороор халдваргүйжүүлж байсан бол одоогоор хэт ягаан туяа ашиглаж халдваргүйжүүлж байна.

Төв цэвэрлэх байгууламжийг анх ашиглалтад орж байхад Улаанбаатар хотын хүн ам 200 мянга орчим, хаягдал бохир усан дахь химийн бодисын агууламж харьцангуй бага байсан бол өнөө цагт хотын хүн амын тоо хэдийнэ нэг сая давж, ахуйн болон үйлдвэрлэлийн орчинд хүчтэй ариутгагч бодис хэрэглэдэг болсон нь насжилт өндөртэй, технологийн шинэчлэлт хийгдээгүй байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж байна. Иймд төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай юм.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, өлөнгийн болон ноос, ноолуурын үйлдвэрүүд технологи ажиллагаандаа 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэдэг гэсэн тоо бий. Тэндээс гарсан ус Туул голыг бохирдуулж байна. Ноос угаах үйлдвэрүүд бохир ус тунгаах бага оврын механик цэвэрлэгээний жижиг тунгаагуур ашиглаж байгаа боловч ихэвчлэн техникийн дүгнэлтгүй байдаг ажээ. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бохир усыг урьдчилан цэвэрлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийг 1972 онд Зөвлөлт Холбоот Улсын тоног төхөөрөмжтэйгээр байгуулж, 1985 онд өргөтгөл хийж хоногт 13,000 метр куб бохир усанд химийн болон механик цэвэрлэгээ хийх хүчин чадалтай болгосон байна. Өнөөдрийн байдлаар хоногт 7,000-8,000 метр куб бохир ус хүлээн авч саармагжуулан төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байна. Уг цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж хуучирч, технологийн горимоор ажиллаж чадахгүй болсноор төвлөрсөн сүлжээнд цэвэршүүлсэн биш, харин ч их бохирдолтой ус нийлүүлсээр байгааг лабораторийн шинжилгээгээр нотолжээ.

Монгол Улсын хувьд ахуйд хэрэглэсэн бохир усыг дахин ашиглах нөхцөл, боломжгүй байна. Дахин цэвэршүүлсэн саарал усыг хүнсний үйлдвэрүүдээс бусад машин угаалгын газар, жижиг, дунд үйлдвэрүүд, ахуйн бохирын системд ашиглах боломжтой бөгөөд дэлхийн ихэнх улс оронд цэвэр, бохир, саарал усны гэсэн гурван системийг анхнаас нь дэд бүтцийн төлөвлөлтдөө оруулж өгдөг байна. Харин Монгол Улсад цэвэр болон бохир усны хоёр систем бий бөгөөд саарал усны систем байхгүй юм. Саарал усыг үйлдвэрлэлийн хэрэглээнд дахин ашигласнаар цэвэр усны нөөцийг хамгаалахад ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Энэ бүхнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Иймд хотын төвд үйл ажиллагаа явуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горим болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна...

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ээс хэсэгчлэн авав.

 

Нийтэлсэн: ХЭҮК

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй