Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах нь

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2018-05-04

No automatic alt text available.

Иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, үндэсний хууль тогтоомж болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд тус тус баталгаажуулж өгсөн байдаг. Харилцаа холбоо, мэдээлэл технологи хурдтай хөгжиж буй өнөө үед интернет орчинд ч гэсэн уг эрх, эрх чөлөө хэрэгжиж байх учиртай. Гэтэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой үндэсний зарим хууль тогтоомж, зохицуулалт, дүрэм журам боловсронгуй бус, олон улсын гэрээ, конвенцод бүрэн нийцээгүй тул дээрх эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохицуулсан үндэсний хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 19 дүгээр зүйлд заасны дагуу нийцүүлэх, зөрчилтэй байгаа хууль тогтоомжийг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, мөн интернэт орчныг оролцуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бүх орчинд баталгаажуулахыг тус тус зөвлөжээ.

Үндэсний хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлтэй нийцүүлэх чиглэлээр одоогоор ямар нэгэн бодитой ажил хийгдээгүй байна. Иймд мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, шүгэл үлээгчийн эрхийг хамгаалахад чиглэсэн хуулийг нэн даруй батлах шаардлагатай байна. 
Интернэт орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах хүрээнд “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай” Засгийн газрын 2013 оны 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгох талаар тусгасан боловч уг тогтоол өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь цахим орчин дахь иргэдийн санал сэтгэгдэлд хяналт тавьсаар байгааг илтгэж байна. Тодруулбал, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын мэдээлэлд дурдсанаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь аливаа мэдээллийн хэрэгслийн интернэт урсгалыг субъектив хандлагаар шууд хаах эрхтэй байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны бие даасан байдлыг хангах талаарх зөвлөмжийн дагуу Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдийн томилгооны үйл явцыг ил тод, хараат бус болгох тухай Засгийн газрын төлөвлөгөөнд тусгасан боловч өнөөг хүртэл хуульд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй, энэ талаар санал санаачилга гараагүй байна. Иймд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тодорхой арга хэмжээ авч, тус Хорооны бие даасан, хараат бус байдлыг хангах шаардлагатай байна.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг аливаа байдлаар хязгаарлахдаа хуульд нийцсэн байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос нийтээр дагаж мөрдөх дүрэм журам хянуулж бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийт 9 хэм хэмжээний актыг хүргүүлснээс 2 журам, 2 техникийн нөхцөл, шаардлагыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, үлдсэн 5 хэм хэмжээний актад дүгнэлт хүргүүлэн буцаасан байна.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын стандартад заасны дагуу шийтгэн цээрлүүлэх аливаа айдасгүйгээр чөлөөтэй эрхлэх бололцоог хангах, нэр төр гутаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс шинэ Эрүүгийн хуульд нэр төр гутаах, доромжлохтой холбоотой гэмт хэргийг хуульчлаагүй байна. Харин мөн хуулийн 13.5 дугаар зүйлд Заналхийлэх, 14.2 дугаар зүйлд Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах, 14.3 дугаар зүйлд Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэргүүдийг хуульчилжээ . Ингэснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэсэн, сүрдүүлж саад учруулсан этгээдэд хуулийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан байна.

Сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалж болон шүгэлдэгч, хүний эрхийг хамгаалагч, мөн иргэний нийгмийн зүтгэлтнүүдийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зөвлөмжийн хүрээнд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шүгэл үлээгч, эх сурвалжийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг эхлүүлэх зарим санал санаачилгыг гаргасан байна. Цаашид энэ асуудлаар холбогдох судалгааг хийж, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн төлөөллийн оролцоог ханган саналыг нь тусгах замаар хуулийн төсөл боловсруулж, батлах шаардлагатай байна.

Мөн хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлээд байна.

Төрийн албан хаагчдад, ялангуяа шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн халдашгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сургалтыг тогтмол явуулах зөвлөмжийн хүрээнд шинэчлэн батлагдсан хуулиудын хэрэгжилтийг хангахаар захиргааны болон хуулийн байгууллагын нийт 180 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэж, хуулийн үзэл баримтлалыг таниулж мэдлэг олгох зорилго бүхий сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нийслэл, орон нутагт 2017 оны 6 дугаар сарын 11-24-ний өдрүүдэд шинэчлэн батлагдсан хуулиудын үзэл баримтлалыг таниулж мэдлэг олгох зорилго бүхий сургалтыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж, нийт 6,600 орчим албан хаагчдыг хамруулсан байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн боловсролын чиглэлээр төрийн албан хаагчид, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс өөрийн санаачилгаар болон байгууллагын хүсэлтийн дагуу хүний эрхийн сэдэвчилсэн сургалтуудыг тогтмол явуулсаар ирсэн. Тухайлбал 2017 онд “Хувь хүний нууц”, “Хүний халдашгүй дархан байх эрх” сэдэвт сургалтыг 6 удаа, 14 цагийн сургалтыг хууль сахиулах байгууллагын нийт 269 алба хаагч, холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон сумдын албан хаагчдад зориулсан “Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдвийн хүрээнд иргэдийн мэдээлэл авах эрхийн талаарх 5 удаагийн 18 цагийн сургалтыг хийж, 175 алба хаагчийг тус тус хамруулжээ.

Иргэдийн хувийн нууцыг хамгаалах, нэрээ нууцлах эрх, нууц нэр ашиглах эрхийг баталгаажуулах зорилгоор Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн бичиг үсгийн боловсролын талаар төрийн бодлого боловсруулж батлах, хэрэгжүүлэх гэсэн арга хэмжээ авахаар төлөвлөгөөндөө тусгасан ч Засгийн газрын зүгээс одоогоор ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

 

Нийтэлсэн: ХЭҮК

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй