“ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА”

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2018-05-02

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 120 дугаар тогтоолын 5 дахь бүлгийн 293 дахь хэсэгт[1] “Ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим, улс орны хөгжлийн шаардлагад нийцсэн, авлига, албан тушаалын болон шинэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох чадавхитай эрүүгийн хууль тогтоомжийн тогтолцоог бүрдүүлж, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох” ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг төлөвлөсөн нь манай улсын тухайд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн гол ажлын нэг болсон билээ. Энэхүү ажлын хүрээнд холбогдох хуулийн төслийг Монгол Улсын Их хуралд өргөн барьж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг баталж, хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөөд эдүгээ 10 дахь сартайгаа бид золгож байна.

Шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн[2] гол дэвшлийн нэг бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа арилгасан байдал нь нийгмийн аюулын шинж чанарын тухайд төдийлөн ноцтой биш бол хүлээх хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлыг шийдвэрлэсэнд оршиж байна гэж дүгнэхэд хол зөрөхгүй биз.

Аль ч улсын ямар ч нийгэмд гэмт хэргийн гол уршиг нь хэн нэгний эрх, эрх чөлөөг зөрчиж, хохирол, хор уршиг учруулах замаар тухайн нийгэмд тогтсон зөв зан үйл, дадал зуршил, иргэдийн төрдөө итгэх итгэлээс үүдэлтэй аюулгүй бөгөөд амар амгалан амьдрах бололцоо, бусдын эрхийг хүндлэх сэтгэхүйд хор хөнөөл учруулж байдагт оршино. Гэвч гэмт хэрэг үйлдсэн этгээд тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж санаатай болон болгоомжгүй байдлаар хөнгөн гэмт хэрэг үйлдээд тэрхүү гэмт хэргийнхээ улмаас үүссэн нийгмийн хор аюулыг арилгаж буюу зогсоож, гэм буруугаа ухаарч байгаа байдал нь тухайн этгээдийн эрх зүйн байдал болоод хүлээх ял зэмийг хөнгөрүүлэх үндсэн боломжийг өөрт нь олгож буй төрийн бодлого гэлтэй.

Нэгэнтээ Эрүүгийн хууль нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг тул дээрх боломжийг гэмт хэрэг үйлдэгч этгээдэд олгох нь хамгийн зөв шийдэл.

ОНОЛ, ЧИГ ХАНДЛАГА:

Ял наймаалцах буюу Plea Bargain нь Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой орнууд ялангуяа АНУ-ын эрүүгийн эрх зүйн тогтолцооны хамгийн чухал хэсэг нь болдог. АНУ-д эрүүгийн хэргийн дийлэнх (ойролцоогоор 90%) хэргийг шүүн таслах ажиллагаанаас бус шүүхийн хэлэлцээрээр, ял наймаалцах хүрээнд шийдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл Америкийн хувьд прокурор өмгөөлөгчийн хооронд хийдэг тохиролцоог эрхэмлэдэг. Энэ нь материаллаг үнэн бодит зүйлийг тогтооход гол анхаарлаа төвлөрүүлэхгүй ба гол зарчим нь прокурор өмгөөлөгчийн хооронд тохиролцоо явагдахад оршино гэсэн үг. АНУ-ын шүүхийн тогтолцоо нь өөрөө шүүхийн хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, АНУ-ын эрүүгийн шүүхийн тогтолцоо нь хэргийн шийдвэрлэлтэд шүүгч идэвхгүй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр шүүгдэгчийн эсрэг хэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй нотлох баримт, мэдээллийг бие даан олж авах эрхгүй байдаг. Харин прокурор ял наймаалцах замаар хэргийн үр дагаврыг хянаж, шүүх нь тухайн шүүхийн шийдвэрийг шударга ёсны ашиг сонирхолд нийцүүлэн батлах замаар хэрэгждэг.

Гэвч ингэж асуудалд хандах нь онолын хувьд зөрчилтэй, дутагдалтай байдаг тухай судлаачид үздэг байна. ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн профессор, доктор Бернд Шюнеманн хэлэхдээ “Тохиролцоо бол иргэний эрх зүйд л байдаг асуудал. Яагаад гэвэл тэнд одоо хувийн эрх чөлөө, иргэний хуулийн субьект бол илэрдэг. Нэхэмжлэгч хариуцагч 2 тохиролцож болдог заалт иргэний хуулинд байдаг. Харин эрүүгийн хуулинд тийм зүйл заалт байхгүй. Төрийг төлөөлж байгаа прокурорт ч байх ёсгүй зүйл. Онолын хувьд яагаад болохгүй вэ? гэхээр иргэний хуулийн зарчмыг эрүүгийн хуулийн зарчимтай холиод байдаг. Зүгээр Америкийн /Англи/ эрх зүйн системийн хувьд бол энэ нэг их зөрчилддөггүй. Тэр системд эрүүгийн болон иргэний гэмт хэрэг гэж хооронд нь айхтар ялгаа байдаггүй. Үүнээс гадна практик дээр их хэрэглэх нь ноцтой буруу зүйл юм. Шүүхийн хүрээнд яллагдагчид хэрэв чи хэргээ хүлээчихвэл чамд өгөх ялыг багасгана шүү гэж прокурорын зүгээс амладаг. Тэгэхээр тэр хэрэгтэн энэ асуудлыг ингэж шийдүүлэх сонирхолтой байдаг. Асуудлыг ингээд шийдээд байхын бол хууль байх ямар хэрэг байгаа юм. Хэрэв хэрэг хийсэн бол эрүүгийн хуулиар тэдэн жил хоригдоно гэсэн заалт байсаар байтал тэр тохиролцооны дагуу шийдээд, өөр ял өгнө гэдэг чинь үнэн хэрэгтээ эрүүгийн хуулийг доромжилж байна гэсэн үг.” гэжээ.

Судлаачид энэ мэтчилэн дээрх асуудалд өөр өөрийн өнцөгөөс эерэг болон сөрөг байр сууринаас ханддаг боловч нэгэнтээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд энэхүү зохицуулалт хуулиараа баталгаажиж, холбогдох харилцааг зохицуулсан байх тул хууль хэрэгжүүлэгчид дээр бүлгийг байх ёстой эсхүл ёсгүй гэдэг байдлаар шүүмжлэлтэй хандахаасаа илүүтэйгээр энэхүү хуулийг нэгмөр зөв хэрэглэхэд ач холбогдлоо өгөх нь зүйтэй байна.

САНАЛ, ШҮҮМЖЛЭЛ:

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд[4] “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн 48-р бүлгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт болгон оруулж, дээрх бүлгийн хүрээнд 41 төрлийн хөнгөн гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой болсон байна. Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд[5] “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г 17-р бүлэгт хуульчилж эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргээс бусад бүх гэмт хэрэг болон тус хуулийн 17.5 дугаар зүйл заасан зарим төрлийн 15 хөнгөн хэрэгт заавал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулжээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь угтаа тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршигаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгахмагадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа билээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас авч үзвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд 2 тохиолдолд хэргийг хялбаршуулан шийдэх бололцоотой харагдаж байна. Үүнд:

1-рт: Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жилээсдоош хугацаагаар оногдуулахаар заасан бүх гэмт хэрэгт яллагдагч хүсэлт гаргавал,

2-рт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт шууд нэрлэн заасан зарим төрлийн гэмт хэргүүдэд хүсэлт шаардахгүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх агуулгаас 1 асуулт урган гарч байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршигаа арилгаж хүсэлт гаргавал хэрхэн шийдвэрлэх вэ?

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим төрлийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хувь хүний нууцыг задруулах/, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө,  алдуул мал завших/, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 27.11 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах/ гэмт хэргүүдийг хууль тогтоочийн зүгээс хорих ялгүй байхаар хуульчилжээ.

Мөн дээр хуулийн заалтад ороогүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах/, 11.5 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Заналхийлэх/, 13.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх/, 13.8 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэг /Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах/, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль бусаар баривчлах, саатуулах/, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Ялгаварлан гадуурхах/, 14.2 /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх/, 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, 15.1 дүгээр зүйлийн 1 болон 2 дах хэсэг /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/, 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.7 /Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах/, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.11 /Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх/, 18.1 /Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах/, 18.3 /Татвар төлөхөөс зайлсхийх/,  18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/,  18.14 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/, 18.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих/, 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдах, түгээх/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 21.3 /Худал орчуулах, хэлмэрчлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.8 /Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх/, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуурамч баримт бичиг, үйлдэх, ашиглах/, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хууль бусаар мод бэлтгэх/, 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/, 27.4 /Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх/ зэрэг гэмт хэргүүдэд хууль тогтоогчийн зүгээс хорих ялгүй байхаар хуульчлан баталсан байна.[6]

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн[7] хоёр дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 16 дугаар зүйлд “...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй.” хэмээн тунхагласан.

Эрүүгийн хууль нийгмийн амьдралыг хамгаалах, зохицуулах, сэргээх үр нөлөөгөөрөө Үндсэн хуулийн дараа орох хамгийн гол хууль хэдий ч Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд тулгуурлаж, түүний хамгаалсан эрх ашгийг дээдэлж, хориглосон хэм хэмжээг үл зөрчих ёстой.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зохицуулалтуудаас дүгнэн үзэхэд хорих ялын дээд хэмжээ 8 жилээс бага байхаар заасан бүх хэрэгт тухайн хэргийн яллагдагч хүсэлт гаргавал түүнтэй ял наймаалцаж, түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, түүнд ашигтай байхаар боломж олгож хуульчилжээ. Дээрх асуудал нь ч өөрөө зүй ёсных гэлтэй.

Гэвч өмнө дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим төрлийн гэмт хэрэг болон түүнд ороогүй боловч хорих ял оногдуулахаар заагаагүй бусад төрлийн гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршигаа арилгасан ч гэсэн түүнд хүсэлт гаргаж оногдуулах эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх боломжийг хууль тогтоогч олгоогүй буюу нөгөө талаараа тэр эрхийг нь хаажээ. Учир нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх 2 төрлийн гол асуудал нь хорих ялын дээд хэмжээ 8 жилээс бага байхаар заасан бүх хэргийн яллагдагч хүсэлт гаргавал “Ял наймаалцах” буюу “plea bargain” боломж нээгдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үйлдэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” заасан. Дээрх хуулийн заалтыг агуулгаар нь тайлбарлавал:

1-рт: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлана,

2-рт: Прокурорын саналын хүрээнд буюу прокурорын саналын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Гэтэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл бол “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” буюу зөвхөн “хорих ялтай” гэмт хэргийн тухайд хэрэглэх хэм хэмжээ болж таарч байна. 2 дахь агуулгын тухайд “прокурорын саналын хүрээнд” гэдэг ойлголт нь прокурорын хяналтын шатанд яллагдагчтай “ял наймаалцаж” оногдуулах эрүүгийн хариуцлагыг тохирч, харилцан зөвшөөрч шүүхээр тухайн тохиролцооны дагуу шийдвэрийг гаргуулах буюу баталгаажуулах үйл явц гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн зохицуулалтаар яллагдагч, прокурор хоёрын тохиролцсон ялын төрөл, хэмжээг шүүх өөрчлөх боломжгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хорих ялгүй зарим төрлийн гэмт хэргийн болон энэ зүйлд ороогүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялгүй байхаар хуульчилсан гэмт хэргийн яллагдагч хүсэлт гаргавал түүнд боломж олгох хуулийн зохицуулалт байхгүй нь шударга ёс талаас авч үзвэл гайхшрал төрүүлж байна. Учир нь хүн бүрд тэгш, алагчлалгүй, шударга үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилт байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас дараах дүгнэлтийг хийж болно.

1-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан зарим төрлийн гэмт хэргийг болон Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялгүй байхаар хуульчилсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагчийн хүсэлт ач холбогдолгүй бөгөөд хэргийг заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр ойлгогдож байна.

2-рт Прокурор яллагдагчтай ял наймаалцах асуудал яригдахгүй буюу яллагдагч прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байхыг шаардахгүй байна.

3-рт Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан шийдвэр гаргах буюу прокурорын саналаас тэс өөр шийдвэр гаргах боломжтойгоор ойлгогдож байна.

 Ийнхүү зөвхөн хорих ялтай гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгч хүсэлт гаргавал түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэх шударга ёсны зарчимд харшилж буй мэт санагдана. Өөрөөр хэлбэл тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь 8 жилээс бага хорих ялтай ч бай эсхүл бүр хорих ялгүй ч хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршигаа арилгасан хэнбугайд ч хууль ижил тэгш үйлчилж, ижил тэгш боломж олгох ёстой.

Хорих ялын тухайд л өөр мэт боловч дээрх 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн 2 этгээдийн тухайд тухайн хэрэгтээ хандаж буй хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол, хор уршигаа арилгасан байдлын тухайд авч үзвэл ширхэг ч ялгаагүй ижил. Тэр ч байтугай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялгүй байхаар хуульчилсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид давуу биш юм аа гэхэд ижил боломжийг олгох нь шударга ёсонд нийцнэ.

ДҮГНЭЛТ:

1-рт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим төрлийн гэмт хэрэг, түүн дотор хорих ял оногдуулахаар хуульчлаагүй гэмт хэргийг заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ яллагдагч хүсэлт гаргах нь огт ач холбогдолгүй буюу хүсэлтгүйгээр тухайн хэргийг ял наймаалцахгүйгээр шийдвэрлэнэ.

2-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим төрлийн гэмт хэргийн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар хуульчлаагүй гэмт хэргийн яллагдагч хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг баримталж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Мөн практикт шүүхийн байгууллагаас дээрх хэргүүдэд яллагдагчаас хүсэлтийг нь авах тухай шаардлага тавьж буй гэх бөгөөд хэрэвзээ шүүхийн байгууллага энэ хуулийн заалтад орсон гэмт хэргүүдийг хянан шийдвэрлэхдээ ийнхүү хуульд заагаагүй нөхцөл шаардлагыг тавих нь шүүхийн байгууллагаас тавьж буй хууль ёсноос гадуурх шаардлага гэж үзнэ. Өөрөөр хэлбэл прокурор нь 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн “Прокурорын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлсэн гаргасан хуулийг баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийн нэг мөр хэрэглэх явдлыг хангана.” гэж заасны дагуу хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг хангах үүрэг хүлээсний хувьд энэхүү үүргээ бүрэн, бодитой хэрэгжүүлэхэд шийдэмгий байр суурьтай хандах нь зүйтэй.

3-рт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж ял наймаалцах асуудал нь зөвхөн 8 жилээс доош хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн тухайд л яригдах хуулийн зохицуулалт байна.

4-рт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн яллагдагч хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал түүнийг шийдвэрлэх эсэх, хэрэвзээ шийдвэрлэхгүй бол хуульд заагаагүй хэдий ч Үндсэн хууль болон бусад эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны ямар онол, хандлагаар ийнхүү алагчилж байгааг хууль тогтоогч тайлбарлах эсхүл дээрх хуулийн зохицуулалтад нэмэлт өөрчлөлт даруй оруулах шаардлагатай байна. Учир нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулсан дээрх 2 тохиолдлын хамгийн гол үр дагавар бол шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эхний тохиолдолд “прокурорын саналын хүрээнд”, 2 дахь тохиолдолд “прокурорын саналыг харгалзан” шийдвэрлэхээр зохицуулсан нь эрх зүйн үр дагаврын хувьд асар зөрөөтэй 2 шийдвэр шүүхээс гаргахаар байгаа тул дээрх асуудлыг ижил тэгж болгох нь зүйтэй.

 

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр

 

Нийтэлэлийг: prokuror.mn-ээс

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй