МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ТӨРӨЛЖСӨН ХУУЛЬ ДАХЬ АЛЬТЕРНАТИВ ЖУРМЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Хууль зүйн судалгаа, шинжилгээ, өгүүлэл

Оруулсан: 2018-04-10

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Франц улсын магистратурын

үндэсний их сургуулийн гадаад магистрат Ш.Баасандорж

 

(COMPARATIVE RESEARCH OF THE ALTERNATIVE PROCEDURE IN THE CODE OF CRIMINAL PROCEDURE OF MONGOLIA AND THE FRENCH REPUBLIC)

Монгол Улсын эрүүгийн процессын төрөлжсөн хуулиар прокурор эрүүгийг хэргийг хоёрхон замаар шийдвэрлэдэг бол Францын Улсын эрүүгийн процессын төрөлжсөн хуулиар прокурор эрүүгийг хэргийг гурван  замаар шийдвэрлэдэг байна. Гурван дахь зам нь альтернатив журам юм.

ЯЛЛАГААН ДАХЬ АЛЬТЕРНАТИВ

Прокурорын байгууллагын бүрэн эрхэд хамаарах бодит “гурван зам” бол шүүхэд шилжүүлж яллахаар шийдвэр гаргах, яллахгүй хаах шийдвэр гаргах, яллагаанд альтернатив хэрэглэх явдал юм. Альтернатив нь хохирогчдод учирсан хохиролыг арилгах, гэмт явдлын үр дүнгийн эмгэгийг эцэс төгсгөл болгох, гэмт үйлдэлд холбогдсон этгээдийг дахин ангилан хүмүүжүүлэх, нийгэмжүүлэх явдлыг хангах боломжийг олгодог байна. Тухайлбал, эрүүгийн процессын хуулийн 41-1 дүгээр зүйлд хуульчлагдсан байдаг. Хуулийн сануулга.

ALTERNATIVES TO PROSECUTION

An actual “third way” for the prosecuting department between the decision to prosecute and the decision not to prosecute, alternatives to prosecution ensure that the harm caused to the victim is repaired, that the trouble arising from the offence has been put to an end, and contribute to the rehabilitation of the wrongdoer. They are provided for in article 41-1 C.C.P. Example; informal warning.

УДИРТГАЛ

Монгол Улс, Франц Улс нь эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх журмыг эрүүгийн процессын төрөлжсөн хуулиар [1] зохицуулж өгсөн байна. Хоёр улс нь нэг эрх зүйн бүлд багтдаг болохыг энэхүү хуулийн зохицуулалт илэрхийлнэ.  Франц Улс нь дэлхий дахинд анхлан эрүүгийн болон эрүүгийн процессын хуулийг кодификаци хийсэн улс юм.

Монгол Улсын эрүүгийн процессын төрөлжсөн хуулийн үүсэл хөгжлийн он тоолол нь Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1935 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар тотоолоор “БНМАУ-ын Аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль”  батлагдан гарснаар эхэлж[2], Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр зарлигаар батлагдсан “БНМАУ-ын эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль”, 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зэргээр шинэчлэгдэн өөрчлөгдөж, цааш нь шинэчлэн найруулан хөгжиж ирсэн байна.

Харин Францын Улсын 1670 оны 8 дугаар сарын Сайн Жерман Ен Лау-ийн ордоннонсе (фр:Оrdonnance de Saint Germain en Laye d’août 1670) нь Францын төдийгүй дэлхий дахины анхны эрүүгийн процессын төрөлжсөн хууль байсан бөгөөд 1795 оны 10 дугаар сарын 25-ны Гэмт хэрэг, ял шийтгэлийн хууль (фр:Code des délits et des peines du 25 octobre 1795), 1808 оны гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хууль (фр:Code d'instruction criminelle de 1808) буюу Наполеоны эрүүгийн процессын хууль зэргээр тус улсын эрүүгийн процессын хууль нь залгамжлан хөгжиж ирсэн байна. Ордоннонсе болон түүний дараах хоёр удаагийн эрүүгийн процессын хуулиудын аль аль нь дэлхийн анхдагч эрүүгийн процессын төрөлжсөн хуулиуд байв. Франц Улс нь Монгол Улсыг бодвол хэдэн зуун жилийн өмнө эрүүгийн процессын төрөлжсөн хуулиа батлан гаргаж, хэрэглэж ирсэн баялаг түүх, өв уламжлалтайг дээрх хууль тогтоомжуудын үүсэл, хөгжил харуулж байна.

Одоогоор Монгол Улсад 2017 оны 5 дугаар сарын 18 –ны өдөр УИХ-иар батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” [3] мөрдөгдөж буй бол Франц Улсад 1958 оны эрүүгийн процессын төрөлжсөн хууль мөрдөгдөж байна. Эдгээр эрүүгийн процессын төрөлжсөн хуулиудад зааснаар прокурор эрүүгийн хэргийг альтернатив журмаар шийдвэрлэж буй талаар харьцуулан судалж байна.

ҮНДСЭН ХЭСЭГ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.4  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор мөрдөн байцаалт явуулсан хэргийг хянаад  шийдвэрлэх хэд хэдэн арга зам тусгагдсан боловч уг хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, 2.7-д зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх үндсэн хоёр зам тусгагдсан байна.  Уг хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэдэг нь  прокурор эрүүгийн хэргийг хянаад тухайн хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдсон, гэм буруутай гэж үзээд яллах чиг үүргийнхээ хүрээнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж буй процесс юм.

Харин гэмт хэргийн шинжгүй, тухай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон болон яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.5  дугаар зүйлд тусгасан байна. Энд дурдсан зүйл, заалтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорт эрүүгийн хэргийг шийдвэрлэх хоёрхон замыг зохицуулж  өгсөн нь харагдаж байна. Монголын прокурорт гурав дахь зам буюу альтернатив журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх зохицуулалт байхгүй байна.

Гэтэл Франц Улсын эрүүгийн процессын хуулийн 40-1 дүгээр зүйлд Бүгд Найрамдах Улсын прокурор [4] нь өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлж яллах,

2. Уг хуулийн 41-1, 41-1-2, 41-2 дахь  зүйлүүдэд заасан диспоци-ийг хэрэглэн мөрдөн шалгахдаа альтернатив журмыг хэрэгжүүлэх,

3.Гэмт үйлдлийн тотоогдож буй тусгай нөхцөл байдал, шинжээс шалтгаалан мөрдөн шалгах процедурыг зогсоох(хэргийг хаах) зэрэг байдлаар тухайн ажиллагаа, мөрдөн байцаалтын үр дүнгээс хамааран цаг тухайд нь хэрэгт нь тохируулан шийдвэрлэхээр зааж өгсөн байна. (фр:le procureur de la République territorialement compétent décide s'il est opportun :1° Soit d'engager des poursuites; 2° Soit de mettre en oeuvre une procédure alternative aux poursuites en application des dispositions des articles 41-1, 41-1-2 ou 41-2; 3° Soit de classer sans suite la procédure dès lors que les circonstances particulières liées à la commission des faits le justifient)[5]

            Мөрдөн шалгах ажиллагааг [6] явуулах (фр:déclencher des poursuites) нь онц хүнд гэмт хэрэг (фр:crime)-ийг шүүхийн мөрдөн байцаалтанд шилжүүлэх, ердын гэмт хэрэг (фр:délit) болон жижиг, хэрэг зөрчил[7](фр:contravention)- ийг шүүхэд шилжүүлэх замаар хэрэгжинэ.

            Альтернатив журам [8](фр:procédures alternatives) хэрэглэх: Үүнийг эрүүгийн хэргийг сонголттой нөхцөлөөр шийдвэрлэх эрүүгийн гурав дахь зам (фр:troisième voie pénaleгэж нэрлэдэг байна.

Бүгд Найрамдах Улсын прокурорын гурав дахь зам (фр: troisième voie du Procureur de la Republique) буюу альтернатив журмын хүрээнд “эвийн дүрэм” (фр:règlement amiable) хэмээх зарчмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэдэг. Альтернатив журам нь 3 төрөл, хэлбэртэй бөгөөд зөвхөн прокурорын бүрэн эрхэд хамааралтай ба түүгээр дамжин хэрэгжинэ. Үүнд:

1. Рапэл а ла лва буюу хуулийн сануулга (фр:rappel à la loi, анг:informal warning).

2.  Композици  пэналь ба эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэлт буюу шүүхээс гадуурх шийтгэл(фр:compostion pénaleанг:out-of-court settlement in criminal matters).

3. Медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн  эвлэрлүүлэн зуучлал (фр: médiation pénale, англ: victim-offender mediation[9] тус тус орно.

Энэ процедурын үндсэн зорилго нь:

  • Эрүүгийн шүүх хуралдаанаас зайлсхийх,
  • Хохирогчийн хохирол, гомдлыг барагдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрх ашгийг нөхөн сэргээх,
  • Гэмт хэргийн нийгмийн эмгэг, уршгийг арилгах,
  • Гэмт хэрэг үйлдэгчийг дахин нийгэмших, хүмүүжихэд нь туслах зэргээр илэрдэг байна.[10]

Алтернатив процедурыг үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдсон, хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгож буй шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэг нь эрүүгийн зөрчил болон жижиг хэрэг, эрүүгийн хуульд заасан 5 жил, түүнээс доош хорих ялаар шийтгэгдэх, торгуулийн ялтай бүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэж болохоор хуульчлагджээ. Түүний төрөл, хэлбэрүүдыг тодорхой дурдвал:

НэгРапэл а ла лва буюу хуулийн сануулга. Энэ нь нийгмийн аюул, хор уршгаар их биш гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулийн зүйл заалтыг сануулах хэлбэрээр хэргийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хааж шийдвэрлэдэг альтернатив арга зам юм.[11] Хууль зүйн үр дагавар болон хууль зүйн ямар үүрэг бий болох, хууль тогтоомж мөрдөхгүй тохиолдолд ямар эрсдэл хүлээх, ямар эрүүгийн ял шийтгэл хүлээх, тодорхой үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар сануулж, зарим тохиодолд үүрэг[12] оногдуулж шийдвэрлэдэг байна. Бүгд Найрамдах Улсын прокурор нь өөрөө буюу түүний харьяанд ажиллаж буй прокурорууд, мөн түүний нэрийн өмнөөс прокурорын газрын төлөөлөгч болон зуучлагч, эсхүл прокурорын газрын хяналтанд ажиллаж буй цагдаагийн офицер нар хууль сануулах үүргийг хэрэгжүүлж, шийдвэрийг прокурор гаргана. Нийгмийн аюулаар бага, жижиг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд давтан гэмт хэрэг үйлдэх явдлаас зайлсхийх боломж олгох буюу рецедив гэмт хэрэгтэн болохоос зайлсхийх боломж олгох,  гэмт хэрэгт холбогдсон этгээдийн зан төлөвийг ойлгох, засах, тэдний хүмүүжих, нийгэмших явдалд туслах зорилго оршдог байна. Уг арга хэмжээг хэрэглэсэн үед прокурорыг мухардал оруулахгүйн тулд хэргийн хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоож, прокурорт тухайн холбогдогчийн хэргийг шүүхэд шилжүүлэх эсхүл эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэх боломжийг давхар олгодог байна.

ХоёрКомпозици пэналь ба эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэлт буюу шүүхээс гадуурх шийдвэр. Энэ арга хэмжээ нь прокурорт зарим гэмт явдал буюу гэмт хэргийг үйлдсэн этгээдэд сонголттой нэг буюу хэдэн арга хэмжээг санал болгож, хэрэгжүүлэх эрхийг олгодогт оршино. Үүнийг хэрэглэснээр эрүүгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаас зайлсхийж чадна. Уг арга хэмжээг хэрэглэхэд доор дурдсан үндсэн нөхцөлүүд байх ёстой. Үүнд: Гэм буруугаа хүлээсэн этгээд байх, харилцан зөвшөөрөлцсөн байх буюу прокурор тухайн этгээд хоёр харилцан зөвшөөрсөн байх, насны доод хязгаар 13 наснаас дээш байх. [13] Гэхдээ насанд хүрээгүй гэмт этгээдэд хэрэглэхэд нэмэлт 3 нөхцөл тавигдана. Үүнд:

  • Тухайн хувь хүний зан чанарын төлөвшил, онцлогт тохирсон, зөвшөөрөгдсөн байх,
  • Тэдний эцэг эх хүлээн зөвшөөрсөн байх,
  • Өмгөөлөгч заавал авсан байх,

Эрүүгийн хуульд заасан дараах гэмт явдлыг үйлдсэн этгээдэд хэрэглэхийг хориглодог байна. Үүнд:

  • Онц хүнд гэмт хэрэг (хүчин, аллага...),
  • Болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг
  • 5 жилээс дээш хорих ялаар шийтгэгдэх гэмт хэрэг
  • Хэвлэлийн гэмт хэрэг (доромжлох, нэр төр гутаах...)
  • Улс төрийн гэмт хэрэг (терроризм...) гэх мэт

Композици пэналь буюу эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэлт хэмээх альтернатив журмыг дараах төрлийн гэмт явдал үйлдсэн этгээдэд түгээмэл  хэрэглэдэг байна. Үүнд:

  • Хөдөлмөрийн чадвар алдагдуулсан хүчирхийлэл
  • Заналхийлэл, утсаар дарамтлах
  • Хулгай, эд хөрөнгө завших
  • Эд хөрөнгө устгах, муутгах
  • Галт зэвсэг хууль бусаар эзэмших
  • Хар тамхи хэрэглэх
  • Хуурамч аюулын дуудлага өгөх, эд хөрөнгө устгахаар заналхийлэх
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох
  • Амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх гэх мэт[14]

Энэ процедурын хүрээнд санал болгох эрүүгийн  арга хэмжээнүүд:

  1. Торгууль
  2. Нийтийн ажилд 6 сараас хэтрэхгүй хугацааны дотор 72 цагийн хөдөлмөрийг ажлын хөлсгүйгээр гүйцэтгэх
  3. Дараах үүрэг болгосон арга хэмжээг санал болгон хэрэглэж болно.
  • Нийгмийн, мэргэжлийн болон эрүүл мэндийн байгууллагад 3 сар хүртэлх хугацаагаар 18 сараас хэтрэхгүй хугацааны дотор дадлага болон сургалт хийж гүйцэтгэх
  • Иргэний сургалт, дадлага хийх
  • Мэргэжлийн сургалт, дадлага хийх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, дадлага хийх
  • Гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хариуцлагын талаарх сургалт, дадлага хийх
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд 6 сарын хугацаагаар гэртээ очих болох хохирогчтой уулзахыг хориглох
  • Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйл, олсон орлого зэргийг улсад хураах
  • 6 сарын хугацаанд банкны карт болон чек хэрэглэх эрхийг хориглох
  • 6 сарын хугацаанд тодорхой газар, нутагт очих эрхийг нь хориглох
  • Франц улсын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож гадаад паспортыг 6 сарын хугацаатайгаар хураан авах
  • Хэргийн хамтран оролцогч нартай уулзахыг 6 сарын хугацаагаар хориглох
  • Хар тамхи, архины эсрэг сургалт, дадлагад хамруулах
  • Дээд тал 6 сар хугацаагаар жолооны болон ангийн эрхийг хасах

Мөн Эрүүгийн зөрчилд авах бусад арга хэмжээнүүд: Тухайлбал, Прокурор эрүүгийн зөрчлийн 5 дугаар ангиллын зөрчилд (Монгол Улсын хуучин эрүүгийн хуулийн хөнгөн хэрэгтэй дүйцэх) санал болгож, тухай этгээдэд хэрэглэхэд хугацаа нь доорх байдлаар өөрчлөгдөнө.

  • Жолооны болон ангийн эрх хасах хугацаа дээд тал нь 3 сар байх,
  • 3 сарын дотор 30 цагийн хугацаатай ажлын хөлсгүй хөдөлмөр хийлгэх.[15]

Энэхүү процедурыг хэрхэн хэрэглэх дараалал, журам нь:

1  дэх шат:  Композици пэналь-ийн талаар санал гаргах[16]

2  дахь шат: Хэргийн холбогдогч прокурорын саналыг зөвшөөрөх, татгалзах хариу өгөх. Шийдвэр гаргахаас өмнө өмгөөлөгчдөө мэдэгдэж, хариу өгөхдөө өмгөөлөгчөө байлцуулж болно.  Насанд хүрээгүй этгээд байвал эцэг, эхдээ мэдэгдэж байлцуулна.

3 дахь шат: Хоёр тал харилцан зөвшөөрөлд хүрсэн тохиолдолд тэмдэглэлээр (протокол) баталгаажиж, түүний хуулбарыг  тухайн зөвшөөрсөн этгээдэд хүргүүлнэ.

4 дэх шат: Композици пэналь хүчин төгөлдөр болох. Хоёр тал харилцан зөвшөөрч, тохиролцоонд хүрсэн тохиолдолд  БНУ-ын Прокурор ердийн гэмт хэрэг таслан шийдвэрлэх эрх бүхий коррекцийн трибунал, эрүүгийн зөрчил таслан шийдвэрлэх цагдаагийн шүүхийн ерөнхий шүүгч нарт эсхүл тэдний төлөөний болон орон нутгийн шүүгч, хүүхдийн шүүгч нараар баталгаажуулах процесс явагдана. Шүүгч уг шийдвэрийг баталгаажуулахдаа өмгөөлөгч нарыг нь  байлцуулан хохирогч, холбогдогч нарын санал, хүсэлтийг сонсож болно. Хэрэв шүүгч композици пэналь-ийг баталгаажуулбал тухайн альтернатив арга хэмжээ хэрэгжинэ. Тухайн этгээд өөрөө зөвшөөрч шүүхийн шийдвэрээр композици пэналь хүчин төгөлдөр болчихоод байхад холбогдогч этгээд тухайн арга хэмжээг биелүүлэхгүй байвал прокурор ердийн журмаар шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлнэ.[17] Шүүгч прокурорын шийдвэрийг баталгаажуулахад шүүх хуралдаан явагддаггүй байна.

Гурав. Медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн  эвлэрүүлэн зуучлал.

Медиаци пэналь нь нэг л төрлийн альтернатив арга хэмжээ бөгөөд хохирогчид учирсан хохирлыг барагдуулах, хоёр тал буюу хоорондын маргааныг эвлэрлүүлэх боломжийг олгодог байна. Энэ нь хохирогч, холбогдогчийн хооронд харилцан найрсаг байдал, зөвшилцлийн үр дүнд хэрэгжинэ. Прокурор нь хэргийг хүлээн аваад медиаци пэналь хэрэглэх эсэхийг шийддэг. Энэ арга хэмжээг хэрэглэх зорилго нь:

  • Хохирогчдод учирсан хохирлыг барагдуулах
  • Гэмт явдлын эцэст нийгэм хямрал, нийгмийн эмгэгийг арилгах
  • Гэмт этгээдийг шүүхэд өгөхгүй, ялтан болохгүй байх боломжийг олгох зэрэгт оршдог.[18]

Тухайн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш, тодорхой байдлаар үйлдэгдсэн, энгийн гэмт хэрэг байх бөгөөд гэмт явдлын элемент, бүрдэл хангагдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд  энэ арга хэмжээг хэрэглэдэг. Бүгд Найрамдах Улсын Прокурорын бүрэн эрхийн хүрээнд хохирогчийн зөвшөөрөл, хүсэлтийн дагуу авч хэрэгжүүлж болно. Энэ арга хэмжээ прокурорын байгууллагаас гадна хүний эрхийн болон Шүүх яамны салбар, холбоо, нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага дотор прокурорын зөвшөөрөлтэйгээр явагдаж болно. Медиаци пэналь нь эрүүгийн эвлэрүүлэн зуучлагч [19] (фр:médiateur penal)-ийн санал болон хоёр талын аль нэгний хүсэлтээр хувьчилсан уулзалтын хэлбэрээр явагдах бөгөөд энэхүү санал, хүсэлтийн ажиллагаа эхлэхдээ гурван талын аль нэгний урилгын дагуу эхлэх бөгөөд талууд ирэхгүй бол зуучлагч эсхүл прокурорын төлөөлөгч хавтаст хэргийг прокурорт хүргүүлнэ. Хэрвээ хоёр тал урилга, хүсэлтийг хүлээн авч, уулзалт хийвэл эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар дундын найрсаг тохиролцоонд буюу шийдвэрт хүрэх ёстой. Тухайлбал, уучилалтад хүрэх, эрх ашиг болон хохирлын дүн, түүний шилжүүлэгийн талаар тохиролцоонд хүрэх явдал юм. Талууд хүсвэл өмгөөлөгч нараа байлцуулах эрхтэй. Эвлэрүүлэн зуучлал амжилтай явагдвал хоёр тал тэмдэглэл (протокол) үйлдэж, прокуророор баталгаажуулна. Медиаци пэналь үр дүнд хүрсэн тохиолдолд прокурор хэргийг хаах шийдвэрийг гаргана. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч прокурорт мэдэгдэж, прокурор хэргийг шүүхэд өгөх эсхүл хэргийг хаах эсэхийг шийднэ.[20]

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд альтернатив журам огт тусгагдаагүй бөгөөд манай улсын эрүүгийн процессын хууль тогтоомжийн түүхэн уламжлалд альтернатив журам байсан эсэхийг авч үзье. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд альтернатив ял шийтгэл (фр:peine alternative) талаар сүүлийн үед яригдаж, судлагдаж, хуульчлагдаж буй боловч эрүүгийн процессын шинжлэх ухаанд альтернатив журам (фр: procédure alternative) огт судлагдаагүй шинэ ухагдахуун, шинэ ойлголт, шинэ нэр томьёо ажээ. Гэхдээ альтернатив журмын хүрээнд ойлгож болох социалист эрх зүйн бүлийн хэв шинжийг агуулсан зарим нэг зохицуулалт хуучин эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгагдаж, нилээд хүрээг хамарсан байдлаар эрүүгийн процесс ажиллагаанд хэрэглэгдэж байв. Тухайлбал, 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7-р зүйл “Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох”, 8-р зүйл “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, олон нийтийн шүүхэд шижлүүлэх, 9-р зүйл “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэмт этгээдийг даалтанд өгөх”, 10-р зүйл “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисст шилжүүлэх”, 11-р зүйл “Эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр олон нийтийн арга хэмжээ авахуулахаар материалыг шилжүүлэх”, 29-р зүйл “Хохирогчийн гомдлоор үүсгэх эрүүгийн хэргүүд” [21] зэрэг юм. Эдгээр зохицуулалтуудыг уг хуулийн 6-р зүйлд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож буйтай адилтган ойлгож болохгүй юм. Ялгарах гол ялгаа нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн, үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдхүүнтэй байсаар байтал түүний хэргийг хэрэгсэхгүй болгож буй шинжээрээ илрэн гардаг байна (Францын эрүүгийн процессын альтернатив журамд байдаг нэг шинж). Эрүүгийн байцаан шийтгэх хууль (1963 оны)-ийн 6 дугаар зүйлд заасан үндэслэл байвал хэргийг заавал хэрэгсэхгүй болгодог бол дээр дурдсан зүйлүүдэд (7, 8, 9, 10 дугаар зүйлүүд)заасан үндэслэлүүдээр  хэргийг хэрэгсэхгүй болгох эрх үүсэж байгаа болохоос биш заавал хэрэгсэхгүй болгох үүрэг үүсэхгүй юм. [22] Энэ ч нэг ялгаатай шинж нь юм. Тийм ч учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 7, 8, 9, 10 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүдээр зөвхөн шүүх, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Уг хуулийн 8-10 дугаар зүйлүүдэд зааснаар хэрэгсэхгүй болгох, тухайлбал, гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эрүүгийн ял шийтгэлийг олон нийтийн нөлөөллийн арга хэмжээгээр солих явдлыг мөрдөн байцаагч бус шүүх, прокурор гүйцэтгэдэг байв.

Мөн прокурор нь БНМАУ-ын 1961 оны Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйл дэх “Гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, олон нийтийн байгууллага ба хөдөлмөрчдийн хамт олонд шилжүүлэх тухай” заалтын үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож болно.

Урьд гэмт хэрэг санаатай үйлдэж шийтгэгдсэн бөгөөд ял шийтгэгдээгүйд тооцох хугацаа болоогүй байгаа буюу урьд даалтад өгөгдөж байсан этгээдэд холбогдох хэргийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэнднийг даалтад өгч болохгүй. Гэмт хэрэгт холбогдож байгаа этгээд өөрийгөө гэм буруугүй гэж үзэх буюу ямар нэгэн шалтгаанаар хэргээ шүүхээр хэлэлцүүлэхийг шаардвал хэргийг хэрэгсэхгүй болгох буюу уг этгээдийг даалтад өгч болохгүй юм. Даалтад байгаа этгээд нэг жилийн дотор хамт олны итгэлийг хөсөрдүүлж, засарч хүмүүжих тухай амласнаа зөрчин хамтын аж байдлын социалист хэв журамд захирагдаагүй буюу олон нийтийн нөлөөллөөс зайлсхийх зорилгоор ажил хаявал, түүнийг дааж авсан хөдөлмөрийн хамт олон батлан даалтаа хүчингүй болгосон тухай шийдвэр гаргаж, гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр прокурор буюу шүүхэд явуулна. Энэ тухайд эрүүгийн хэргийг шүүхийн захиран тушаах хурлын магадлал буюу прокурорын тогтоолоор сэргээж болно. [23] Прокурор хэргийг сэргээсэн тохиолдолд ердийн журмаар ялын төлөвлөгөөг баталж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж байв. Эдгээр эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын зохицуулалтууд нь Франц Улсын альтернатив журам буюу сонголттой журмаар хэрэг шийдвэрлэдэг үндсэн үзэл баримтлалтай тохирч байгаа юм.

БНМАУ-ын үед социалист хууль ёсны хэв шинжийг агуулж, тухайн этгээдийг олон нийт, хөдөлмөрийн хамт олны дунд хүмүүжүүлж авах нэгэн зорилготойгоор прокурор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан бол өнөө үед Франц Улсад нийгмийн, мэргэжлийн болон эрүүл мэндийн байгууллагад 3 сар хүртэлх хугацаагаар 18 сараас хэтрэхгүй хугацааны дотор дадлага болон сургалт хийж гүйцэтгэх, иргэний сургалт, дадлага хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалт, дадлага хийх, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хариуцлагын талаарх сургалт, дадлага хийх, хар тамхи, архины эсрэг сургалт, дадлагад хамруулах, олон нийтийн байгууллагад шилжүүлж нийгэмшүүлэх байдлаар тухай этгээдийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх арга хэмжээг авч байна.

Монгол Улсын 2002 оны шинэчлэн найруулсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйл “Хохирогч нь яллагдагч, шүүгчдэгтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох” үндэслэлээр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бол уг зохицуулалтыг 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчингүй болгосон байна. Хуучин хууль дахь энэ зохицуулалт нь Франц Улсын эрүүгийн процессын хууль дахь альтернатив журмын нэгэн төрөл медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн  эвлэрүүлэн зуучлал хэмээх аргын хэлбэр төдий зохицуулалт байв. Одоогоор хэлбэр төдий зохицуулалт ч хүчингүй болжээ.  Эвлэрснээр хэрэгсэхгүй болгож байсан хуучин хуулийн зохицуулалтыг медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн  эвлэрүүлэн зуучлалын хэлбэр төдий хуулийн зохицуулалт гэсэн нь хоёр тал сайн дурын үндсэн дээр мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчгүйгээр явагдаж байсанд байгаа юм.

Франц Улсад эрүүгийн хэргийн  эвлэрүүлэн зуучлалыг прокурорын зөвшөөрөл, хяналтан доор эрүүгийн эвлэрүүлэн зуучлагч (фр:médiateur pénal) явуулдаг байна. Нийгмийн аюулаар их биш гэмт явдлыг шийдвэрлэх явцад эвийн дүрмийг хөнгөвчлөх зорилгоор Бүгд Найрамдах Улсын прокурорын  эрх олгосон хувь хүн, нийгэмлэгийг  эрүүгийн хэргийн эвлэрлүүлэн зуучлагч гэдэг [24] байна. Түүний эрх үүргийг хуулиар зохицуулж өгсөн байна.

Франц Улсын Шүүх яамнаас гаргасан 2013 оны статистик мэдээ (фр:durée moyenne et durée médiane des affaires terminées en 2013 et nombre d`auteurs concernés)-ээр 1 963 017 хүн гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан байх бөгөөд 650 198 этгээдийг  прокурор альтернатив процедурын хүрээнд шийдвэрлэсэн байна. Прокурор нь 571 511 этгээдийг медиаци пэналь буюу эрүүгийн хэргийн  эвлэрүүлэн зуучлал болон рафэл а ла лва буюу хууль сануулах альтернатив процедурын хүрээнд шийдвэрлэж, 78 687 этгээдийг композици пэналь буюу эрүүгийн хэргийн тохиролцон шийдвэрлэлт хэмээх журмаар тус тус шийдвэрлэсэн байна.[25]  Прокурор  2013 оны байдлаар нийт шалгагдсан этгээдийн 33,1 хувьд оногдох этгээдэд энэхүү журмыг хэрэглэн шийдвэрлэжээ.

Энд ишлэл авсан 2013 оны статистик мэдээнээс дүгнэвэл тус улсын прокурор нь тус онд 1 963 017 этгээдийн 595 393 этгээдийг (30,3 хувь) шүүхэд шилжүүлж, 650 198 этгээдийг (33,1 хувь) альтернатив журмын хүрээнд шийдвэрлэж, 717 426 этгээдийг (36,6 хувь) мөрдөн байцаалтын ажиллагааг хаах байдлаар тус тус шийдвэрлэсэн байна. Хэргийн шийдвэрлэлтийн хувь хэмжээ нь 30,3, 33,1, 36,6 гэсэн харьцаатайгаар гурван замаар шийдвэрлэгдэжээ. Прокурорын эрүүгийн хэргийг шийдвэрлэх гурван зам нь энэ буюу.

ДҮГНЭЛТ

Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 1963 оноос 1994 он хүртэл 30 жил гаран хэрэглэж ирсэн олон нийтийн нөлөөллийн арга замаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлж, нийгэмшүүлж ирсэн уламжлалыг орчин үеийн ардчилсан орон болох Франц Улсын альтернатив журмын арга замтай нийцүүлэн нутагшуулах саналыг үүгээр дэвшүүлж байна.

Франц Улсын прокурор альтернатив журмыг хэрэглэснээр хохирогч, холбогдогч, нийгэм зэрэг гурван талын эрх ашиг бүрэн хангагддаг гэж үздэг.

Хохирогчийн эрх ашиг түүний хохирол, хор  уршгийг барагдуулснаар хангагддаг бол холбогдогч этгээдийн эрх ашиг шүүхээр шийтгэгдэхгүй байх, шүүхээс гадуур хөнгөн ял шийтгэл хүлээх, тодорхой үүрэг хүлээж нийгэмших, хүмүүжих боломжийг хүртэх, давтан гэмт хэрэгтэн боломжоос зайлсхийх боломж олгосон явдлаар хангагдана. Харин нийгмийн эрх ашиг нь хүн, ардаа хүмүүжүүлж, нийгэмшүүлж авснаар, гэмт хэргээс учирсан үр дагавар, эмгэгийг арилгаснаар, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлснээр хангагддаг гэж үзэж болно.

Гэтэл Монгол Улс эрүүгийн хэргийн эвлэрлүүлэн зуучлалыг нутагшуулах нь битгий хэл хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгодог зохицуулалтыг хүчингүй болгож, хохирогчийн эрх ашиг хангах боломжийг хаахын зэрэгцээ хэргийн холбогдогч нарыг нийгмийн аюултай,  аюул багатай гэмт үйлдлийг үйлдсэн эсэхээс нь үл хамааран бүгдийг ялтан болгож байна. Монголын нийгэм ядууралтай байхад иргэдээ давхар торгох ял оногдуулж, мөнгөөр  дарамтлахын зэрэгцээ толгой дараалан ялтан болгож, мөн дараагийн гэмт хэрэг гарах хэргийн шалтгаан нөхцөлийг төр өөрөө бүрдүүлэн өгч байна.

Иймд Франц Улсын эрүүгийн процессын хуулийн альтернатив журмыг гүнзгийрүүлэн судалж, дотоодын хууль тогтоомжидоо нутагшуулах цаг болсон байна.

 

Нийтэлсэн: prokuror.mn

Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй