ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-04-02

       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд анх батлагдаж түүнээс хойш хугацаанд 5 удаа нэмэлт болон  өөрчлөн найруулсан цөөхөн зүйл, заалт хөндөгдсөнийг эс тооцвол 20 гаруй жилийн дотор зарчмын өөрчлөлт ороогүй 5 бүлэг 23 зүйл (2 зүйл буюу 17;18 дүгээр зүйл хүчингүй болсон)-тэй “жижигхэн” хууль юм.

       Хуулийн зорилт нь нийгмийн өргөн хүрээг хамарсан, төр, иргэн, хуулийн этгээдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийх ажлын зохион байгуулалтаас үүрэг хариуцлага хүртэлх харилцааг зохицуулахаар тодорхойлсон “том” хууль хэрэгжих ёстой юм.

 

            Энэ хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэж ямар ажил байхыг тодорхойлж өгсөн. Үүнд:

            “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ мөн” гэжээ.

         Үүнээс үзвэл гэмт хэргийн тухай тодорхой мэдээлэл, судалгаан дээр үндэслэж нийгэмд гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох ерөнхий арга зүй харагдаж байна.

            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар нотолсон байхыг шаарддаг.

            Дээрх хоёр хуульд заасан “...Гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлох” нь ижил төстэй ажил мэт ойлгогдож байгаа боловч хэрэгжүүлэх субъект, тэдгээрийн эрх хэмжээ нь өөр өөр юм.           

            Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг удирдаж хэрэгжүүлэх нь төрийн үүрэг мөн бөгөөд энэ талаарх зохион байгуулалт, ажлын чиглэл, арга хэлбэрийг хуульчилснаас гадна гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, ерөнхий болон тусгай арга хэмжээний хөтөлбөр батлах, эдгээр төлөвлөгөө, хөтөлбөрөө хэрэгжүүлэх, санхүүгийн зардал, төсвийг жил бүр улсын төсөвт тусган шийдвэрлэх гэсэн маш тодорхой үүргүүд төрд байна.

            Тэгвэл гэмт хэргийн мэдээллийг цуглуулж судалгаа дүн шинжилгээ хийх үүргийг төрийн тодорхой байгууллага буюу шүүх, прокурор, цагдаагийг байгууллага эрхлэхээр заасан бол гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах шинжилгээ судалгааны байгууллагыг Хууль зүйн Сайдын дэргэд байгуулахаар заасан нь хуульд тодорхойлсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил буюу “цогцолбор” арга хэмжээг хэд хэдэн газарт хуваарилж эзэнгүйдүүлэх үр дагавар үүсгэжээ.

            Хуулийн заалтуудаас дүгнэж ойлговол гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж дүн шинжилгээ хийх байгууллага нь Хууль зүйн яамны бүтцэнд байж, шүүх, прокурорын байгууллагатай зөвшилцөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар шийдвэрлүүлэх бүрэн эрх нь Хууль Зүйн Сайдад байхаар хуульчлагджээ.

            Гэтэл ийм төрлийн эрдэм шинжилгээний байгууллага нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж ирсэн 20 гаруй жилийн хугацаанд 2002 онд Цагдаагийн академийн дэргэд байгуулсан боловч орон тоо, бүтэц, боловсон хүчний хувьд бэхжээгүй криминологи судалгаа хариуцсан албан тушаалтан, нэгж бүтэц нь үүнээс хойш бүр хожуу бий болсон түүхтэй.

            Ер нь дээрх хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх ажлыг бие даасан бүтэц орон тоогоор, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эрдэмтэн,судлаачдын мэргэжилд тулгуурлан цогц системтэйгээр төрөөс зохион байгуулах ажил, арга хэмжээ  ор нэр төдий явагдаж ирсэн бөгөөд үүнийг Хууль зүйн Шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан “Монголын криминологийн хөгжил, нөхцөл байдал чиг хандлага” гэсэн нэг сэдэвт бүтээлдээ;

       “ ... Криминологийн сэдвээр олон тооны магиструуд төрөн гарсан нь энэ салбарыг хөгжүүлэх оюуны асар их хүч юм.

            Тухайн үеийн эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны дүн, зөвлөмж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн бодит өсөлт, нийгэм, иргэдэд учруулж байсан хор уршиг зэргийг харгалзан гэмт явдалтай хийх тэмцлийг шинжлэх ухааны үндэстэй явуулах болсны нэг бодит жишээ бол 1972 оны МАХН-ын Төв хорооны УТТ-ны 96 дугаар тогтоолоор “БНМАУ-ын Прокурорын газрын дэргэд “Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэн”  байгуулсан явдал юм. Энэ нь криминологийн шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал байв. “Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1974 оны 24-р тогтоолд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах ажлыг уг хүрээлэнд төвлөрүүлж, судалгаа шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлон заасан юм.

            -Энэ хүрээлэн төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэх, энэ ажлын шинжлэх ухааны үндэс, онолын сэтгэлгээг хөгжүүлэх, практик үр нөлөөг сайжруулахад судалгааны ажлаа чиглүүлж:

            а. Гэмт явдалтай тэмцэх онол, арга зүйн асуудлыг судлах,

            б. Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах,

            в.Прокурорын хяналт, урьдчилан мөрдөн байцаалтын ажлыг боловсронгуй болгох гурван чиглэлээр 12-15 дэд сэдвээр судалгаа явуулж 1983 онд татан буугдах хүртлэх хугацаанд криминологийн сурах бичгийг анх удаа “Прокурорын хяналт”, “Уголовное право МНР” /ерөнхий ба тусгай анги/ зэрэг сурах бичиг, эрдэм шинжилгээний зөвлөмж тайлан 50, өгүүлэл 80 гаруйг тус тус хэвлүүлэн хуульчид, иргэдийн хүртээл болгосон юм. Тус хүрээлэн 1974 оноос 1983 он хүртэл хугацаанд “Гэмт явдалтай тэмцэх асуудал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл 11-ийг гаргасан бөгөөд “Прокурорын хяналтын арга зам” “Тодорхой төрлийн зарим гэмт хэргийг мөрдөх аргачлал”, “Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж” зэрэг хамтын бүтээл гаргасан байна.

            -Гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой сэдвүүдээр өөрийн оронд 6 удаа эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулж үнэтэй санал, зөвлөмж боловсруулж байжээ.

 

            1973 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улсын Ерөнхий  прокурорын газрын дэргэд байгуулагдсан “Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах хүрээлэн” хэмээх эрдэм шинжилгээний бие даасан байгууллага байгуулагдаж манай улсад түгээмэл үйлдэгддэг, нийгмийн хор аюул ихтэй, хүний бие, эрүүл мэнд, социалист өмч, нийгмийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг дагнан судалж, тэдгээртэй төрийн байгууллага, иргэд, хууль сахиулах байгууллагууд хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулан төрийн эрүүгийн бодлогод тусгуулж байсан боловч гэмт явдлын шалтгаан судлалын хүрээнд хүрээлэнгийн судлаачид социалист нийгэмд бодитойгоор оршин байсан ажилгүйдэл, ядуурал,согтуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг судалгаагаар илчлэн засаж залруулах арга замын талаар төрийн эрх барих, засаглах байгууллагуудад судалгааны тайлан (үр дүн) хэлбэрээр хүргүүлж байсан нь яваандаа төр, засгийн эрх баригч хүчнүүдэд таалагдахгүй болж ирсэн гэдэг. Ингээд ийм хүрээлэнг цаашид байлгах шаардлагагүй гэж үзээд 1983 онд 10 жилийн ойн босгон дээр татан буулгасан байдаг.

            -Гэмт явдал судлалын  хүрээлэнг татан буулгаснаар нийгмийн энэ сөрөг үзэгдэлтэй хийх тэмцлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэхээс татгалзсан хэрэг юм.

            -1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай бие даасан хууль баталж, улмаар Хууль зүйн яамны дэргэд гэмт хэргийн шалтгаан, нөхцөл судлах хүрээлэн байж болохоор хуульчилсан нь чухал үйл явдал болсон. Гэвч энэ хүрээлэнг 5 жилийн дараа Цагдаагийн академийн дэргэд 2002 онд байгуулсан нэртэй боловч захирлаар нь автын инженер хурандааг томилсон боловч энэ хүрээлэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, бүтэц нь бүрдээгүй байсаар замхарсан байдаг.

            -Цагдаагийн ерөнхий газрын криминологи судалгаа хариуцсан байцаагчийн албан тушаал 2005 оноос бий болсон, 2011 оноос Мэдээлэл судалгааны төвийн Криминологи судалгааны төв, хэлтэс байгуулсан.

            -Хуульчдийн давтан сургалтын төв нь Хууль зүйн үндэсний төв болж өргөжин, 2004 онд Криминологийн судалгааны сектор, 2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор, 2012 онд Нийтийн эрх зүйн судалгааны багт бүтцийн хувьд хамаарах болсон.

            -Хууль зүйн сайдын 2012 оны Б/20 дугаар тушаалаар баталсан Их сургуулийн бүтцэд Шинжлэх ухаан, технологийн газар байгуулан, түүний харъяанд Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Шүүхийн шинжилгээ судлалын төвүүд салбарын хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж, хэтийн төлөв, бодлого, үйл ажиллагааг тодорхойлолцож байна. Цаашид тус газрын харъяанд Гамшгийн эрсдэл судлалын төв, Инновацийн төв байгуулах чиглэлтэй байна.

            -2008 онд Цагдаагийн академийн бүтцэд криминологи судалгааны тасаг байгуулагдаж, улмаар 2012 онд Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газарт Цагдаа судлалын төв гэсэн явцуу бүтцээр, 5 орон тоотой гэмт хэрэгтэй тэмцэх бодлого боловсруулах ажлыг хийж байна.

            Хууль сахиулах их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын Цагдаа судлалын төв анх Дотоод хэргийн их сургуулийн бүтцэд 2011 оны 8 сард байгуулагдсан гэж үзэж болно.” гэж дүгнэж бичжээ           

Үүнээс харахад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж дүн шинжилгээ хийх байгууллага нь хуульд зааснаас бусад байгууллагын дэргэд зорилго, чиглэл нь давхардсан байдалтай, бүтэц, орон тоо нь мэргэшсэн бус, нэгдмэл бодлогогүйгээр байгууллагдаж иржээ.

      Харин Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны  01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар тушаалаар УЕПГ-ын Сургалт, судалгааны төвд  “Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэн” байгуулсан нь өмнөх нийгмийн үед хэрэгжиж байсан үйл ажиллагааг сэргээсэн гэхээсээ илүүтэй 1997 онд анх, шинээр батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан эрдэм шинжилгээний байгууллагыг дахин бий болгож байгаа  ажил хэрэг боллоо. Гэхдээ үүнийг хуулийн агуулагаас нь үзвэл Засгийн газраас бие даасан бүтэц, орон тоо, төсөв, санхүүтэй байхаар шийдэж,  ажиллуулах  ёстой  бөгөөд өөрөөр хэлбэл хууль ёсоор байгуулагдах үндсэн байгууллага мөн. Одоо энэ төрлийн үүрэг чиглэлтэй бүтэц, нэгжүүдийн орон тоо, төсөв хөрөнгүүдийг нэгтгэн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлагатай байна.

 

 

     /Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий

                                       прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Пүрэвжав/

Эх сурвалж: УЕП   

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй