Miranda v. Arizona буюу та дуугүй байх эрхтэй

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-03-19


Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн “Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэр” буланд нийтлэгдсэн зарим кэйсийн хураангуйг цуврал болгон, түүнийг бэлтгэсэн зохиогчийнх нь зөвшөөрлөөр The LawyerLike веб хуудас дахин нийтлэж байна.

Хэргийн тухай

Эрнесто Миранда гэх 23 настай залууг 1963 оны 3 сарын 13-ны өдөр гэртээ байхад нь хүн хулгайлах, хүчиндэх гэмт хэрэгт сэжиглэн цагдаагийн ажилтнууд баривчилж, байцаасан байна. Байцаалт эхлэхийн өмнө түүнд өмгөөлөгч авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь танилцуулаагүй бөгөөд 2 цаг үргэлжилсэн байцаалтын эцэст Э.Миранда хэргээ хүлээж, мэдүүлэг өгчээ.

Хэргээ хүлээсэн мэдүүлгэн нотлох баримтад “өөрийн хууль ёсны эрхээ бүрэн ойлгож байгаа бөгөөд миний аливаа мэдүүлэг нь миний эсрэг ашиглагдаж болно гэдгийг ойлгож байна” гэжээ. Мирандагийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр түүний өмгөөлөгч нь тус мэдүүлгэн нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Улмаар шүүхийн шийдвэр гарч, Эрнесто Мирандаг хүн хулгайлах, хүчирхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 20 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Үндсэн хуулийн эрх зүйн асуудал

Уг хэрэгт АНУ-ын Үндсэн хуулийн 5 болон 6 дугаар нэмэлтээр хамгаалагдсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах иргэний эрхийг эдлүүлсэн эсэх нь хамгийн маргаантай асуудал юм. Мөн “үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээх”-ийн стандарт нь ямар байх, яллагдагч өмгөөлөгч авах боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагааны аль үед өмгөөлөгч томилох зэрэг асуудал нь энэ хэрэгт хамааралтай юм.

Үндэслэл

Энэ хэсэгт Э.Мирандаг дээр дурдсан гэмт хэрэгт буруутгах болон цагаатгах үндэслэл, байр суурийг тодруулж авч үзье.

Цагаатгах үндэслэл: Цагдаагийн байгууллага, албан хаагчийн хувьд Үндсэн хуулийн 5 дугаар нэмэлтэд заасан дуугүй байх эрх, 6 дугаар нэмэлтэд заасан өмгөөлөгч авахтай холбоотой Мирандагийн эрхийг эдлүүлээгүй, зөрчсөн гэж өмгөөлөгч, шүүгчид үзсэн. Аризона муж улсын хувьд Мирандаг яллахдаа “хууль бусаар цуглуулсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх дүрэм болон “бүх гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч нь өмгөөлөгч авах эрхтэй байх” дүрмийн аль алиныг нь зөрчсөн гэж үзсэн. Мөн Мирандагийн гэм бурууг тогтоосон байдал нь процессын хувьд алдаатай бөгөөд хэргийг дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн.

Яллах үндэслэл: “Мирандагийн хувьд мөрдөн байцаах ажиллагааны талаар мэдлэгтэй, эрүүгийн процессын хувьд “цоо шинэ хүн” биш юм. Тэрбээр мэдүүлгийн явцад цагдаагийн ажилтантай харилцан ойлголцсон бөгөөд үүнийгээ ухамсарлаж, ойлгож байсан. Энэ үндсэн дээр хэргээ сайн дураар хүлээсэн баримтан дээр гарын үсэг зурсан. Яллах үйл ажиллагаа зохих ёсны шаардлагыг хангасан бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, хорьсон нь Аризона муж улсын хуульд нийцсэн юм. Дээд шүүх түүний гэм бурууг үгүйсгэх ёсгүй бөгөөд цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулах ёсгүй” гэжээ.

Дээд шүүхийн шийдвэр

1963 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хэргийг хянан хэлэлцэгдэж, мөн оны 5 дугаар сарын 18-нд илтгэгч шүүгчийн хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, 6 дугаар сарын 13-нд Дээд шүүхийн шүүгчдийн 5:4-ийн саналаар Мирандаг гэм буруугүйд тоосон байна.

Ерөнхий шүүгч Варен тус хэрэгт илтгэгч шүүгчээр ажилласан бөгөөд шүүгч Харлен тусгай санал бичсэн юм. Ерөнхий шүүгч Варений бичсэн хууль зүйн дүгнэлт шүүгчдийн олонхийн саналаар дэмжигдсэн юм. Мирандаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нотлох баримтыг Дээд шүүхээс үгүйсгэсний дараа Аризона муж улсын цагдаагийн байгууллага хэргийг дахин сэргээсэн бөгөөд хоёр дахь шүүх хурлаар уг нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр түүнийг дахин буруутгаж мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан бусад нотлох баримтанд тулгуурлан түүнийг 20-30 жил хорих ялаар шийтгэсэн байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэг

Энэ хэрэг нь манай улсын шүүхийн шүүгчид шийдвэрийнхээ үндэслэх хэсгийг бичих, нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэхэд арга зүйн ач холбогдолтой гэж үзлээ. Ингээд Ерөнхий шүүгч Варений бичсэн, Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар дэмжигдсэн 60 хуудас бүхий хууль зүйн дүгнэлтийг тоймлон танилцуулая.

Ерөнхий шүүгч Варен дүгнэлтдээ “Хүний эрхийг хамгаалах процессын баталгаа нь сэжигтэн, яллагдагч өөрийгөө буруутгаж мэдүүлэг өгөхийн эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болдог” гээд “Яллагдагчийг ганцаарчлан хорьж байцааж буй одоогийн практик нь манай үндэстний чухал зарчим болох хувь хүн өөрийгөө буруутгахгүй байх явдалтай харшилж байна” гэжээ.

Тэрээр тус хэргийг нэгтгэн дүгнэж бичихдээ, “Мирандад өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөх боломж олгоогүй, байцаалтын үеэр эрхийг нь сануулах ямар нэг арга хэмжээ аваагүй нь өөрийгөө буруутгаж, гэм буруугаа хүлээсэн гэх үндэслэлээр яллах нөхцлийг үгүйсгэж байна. Эрх, үүрэг сануулаагүй нөхцөлд тэрхүү нотлох баримтыг шүүхээс үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүй ёс, шударга ёсонд үл нийцнэ.

Түүний гарын үсэг зурсан мэдүүлэгт “хууль ёсны эрх, ашиг сонирхлоо бүрэн ойлгож байна” гэж бичсэн байгаа нь Үндсэн хуулийн эрхээсээ татгалзаж байгаагаа мэдэж, ойлгосон гэж үзэхэд шаардлагатай хангалттай баримт-угтвар нөхцөл болж чадахгүй байна.

Мөн эрхээсээ татгалзсан нь хүчин төгөлдөр байх стандарт нөхцлийн талаар Варен шүүгч “Эрхээсээ татгалзсан явдал хүчин төгөлдөр байх нь эрх, үүрэг сануулсны дараа дуугүй байх, гэмт хэрэг үйлдсэн тухай нотлох баримт олж авсан нөхцөл хамаарах мэтээр хялбарчилж болохгүй. Үүнээс гадна дарамтлах, хуурч мэхлэх зэргээр олж авсан аливаа нотлох баримт нь эрхээсээ татгалзсан явдлыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд яллагдагчийн хувьд хэргээ сайн дураар хүлээсэн гэж үзэх нөхцлийг үгүйсгэнэ”.

Тэрбээр мөн цагдаагийн эрх, үүрэг, хариуцлагын талаар бичсэн байна. “Цагдаа сэжигтэнд эрх сануулахдаа – Та дуугүй байх эрхтэй. Таны хэлсэн зүйл шүүхэд таны эсрэг ашиглагдаж болно. Өмгөөлөгч авах эрхтэй, хэрэв өмгөөлөгч авах бололцоогүй бол байцаалтын өмнө урьдчилж өмгөөлөгч томилуулна гэх дарааллыг баримтлах нь зохистой” гэжээ.

Шийдвэрийн ач холбогдол

Эрнесто Мирандагийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан цаг үе нь хүн төрөлхтөн хүний эрхийн үнэ цэнийг ухамсарлаж, үндэсний болон олон улсын эрх зүйгээр хамгаалах механизм бүрдсэн цаг үед хамаарах хэдий ч эрүүгийн процессын ажиллагаанд хүний эрхийг зөрчихөөс сэргийлэх хангалттай хамгаалалтыг хараахан төлөвшүүлж чадаагүй байсан үе юм.

Сэжигтэн, яллагдагчийн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэргийг шууд бөгөөд бүрэн дүүрэн нотлох баримт болохгүй, шүүх хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэхийн тулд бусад нотлох баримтад тулгуурлахыг зорьдог хэдий ч мэдүүлгэн нотлох баримт зарим хэргийг нотлох ажиллагаанд голлох байр суурьтай байдаг. Энэ тохиолдолд байцаалт авах ажиллагаа эрүү шүүлт, хууль бус дарамт, шахалт, ятгалга, хууран мэхлэлтээс ангид, гагцхүү хуулийн дагуу явагдаж, сэжигтэн, яллагдагчийн бодит мэдүүлгийг бэхжүүлж авах баталгааг бүрдүүлэх нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нэг чухал хамгаалалт болно.

АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэрийн үр дүнд “Мирандагийн анхааруулга” (Miranda Warning) хэмээх ойлголт хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд тавигдах нэг стандарт болж төлөвшсөн юм. Аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж сэрдэн мэдүүлэг авахад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх, өмгөөлөгч авах эрхийг нь заавал урьдчилан танилцуулахын зэрэгцээ байцаалтын явцад эдгээр эрхийг нь хангаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд байцаалтыг нэн даруй зогсоодог болсон юм.

Өдгөө энэ стандартыг эрх зүйт ёс, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр зорьж буй бүх улсын Үндсэн хууль, Эрүүгийн процессын хууль тогтоомжид тусгаж, хэлбэрэлтгүй баталгаажуулсан бөгөөд эрх зүйн зайлшгүй процессын (Due Process of Law) стандарт болон тогтсон байна.



Мэдээллийг бэлтгэсэн: Л.Галбаатар

Нийтэлсэн: Huulichmn.blogspot.mn

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй