Орчин үеийн хуульч хүнд байх ёстой ДОЛООН чадвар​

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-03-02

Дэлхийн хамгийн том хоёр шүүхийн байгууллагын нэг Голландын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхэд өмгөөлөгч Н.Орчлон хуулийн чиглэлээр  сурч байгаа болон сурах сонирхолтой залууст зориулж “Орчин үеийн хуульч гэж хэн бэ” сэдвээр нэг цагийн лекц уншсан юм. Түүний лекцээс орчин үеийн хуульчийн өөртөө бий болгох чадварын талаар ярьсан мэдээллийг тэмдэглэснээ хүргэе.

Илтгэгч хуульч мэргэжлийг онгоцны ахмадтай зүйрлэн өөрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийг зорьж байв. Тэрээр “Хуульч гэдгээ мартаад, Та өөрийгөө онгоцны ахмад гэж төсөөлөөрэй. Харин хууль зүйн сургуульд сурч байгаа, дөнгөж төгссөн бол Та ганц хүн багтдаг, ганц хөдөлгүүртэй онгоцны ахмад гэж бод. Та ганц хөдөлгүүртэй, шаардлага хангаагүй онгоцоор хол нисч чадахгүйтэй адил Та бүхний өнөөгийн сурсан мэдсэн хязгаарлагдмал хэмжээнд байна гэсэн үг. Яг энэ үедээ хуучин үеийн хуульчийн шинжийг агуулж эхэлбэл том онгоцны ахмад буюу олон улсын хуульч болж чадахгүй. Хуучин үеийн хуульчийн шинж гэдэг нь: /Хуулийг үг, үсэггүй цээжилдэг, даргархаг, дээрэнгүй харьцаатай, бүгдийг мэддэг царайлдаг, ярьдаг, өөрийн үүрэг хариуцлага, хууль ёс, хүний эрхэд итгэдэггүй.../. Тиймээс Та бүхэн өнөөдрөөс БОИНГ жолооддог, олон улсын хэмжээний нисгэгч болно гэж бод. Ингэж төсөөлж чадвал мэргэжилдээ хандах хандлага чинь арай өөр болно” гэдгийг илтгэлийн өмнөх хэсэгт онцоллоо.

1. Орчин үеийн хуульч болоход гадаад хэлний мэдлэг өндөр байх ёстой

Олон улсын зэрэглэлтэй том онгоцны ахмад олон орны зорчигчтойгоо харьцахын олон улсын хэлийг эзэмшсэн байдаг. Үүнтэй адил орчин үеийн хуульч болоход гадаад хэлний мэдлэг өндөр байх ёстой. Хуульч хүн Англи, Франц буюу НҮБ-ын зургаан хэлгүй бол цаашид олон улсын төвшинд байтугай, Монголдоо ажиллахад ажлын байр олдохгүй болно. Тиймээс НҮБ-ын зургаан хэлний аль нэгийг нь, эсвэл хос хэл эзэмших хэрэгтэй. Манай улс олон улсын хуулийг хэрэглэхгүй байгаа учраас хэлний шаардлага чухал биш юм шиг санагддаг. Гэхдээ цаашдаа улс орон хөгжихийн хэрээр олон улсын хууль л хэрэгжинэ. Өнөөдрийн нөхцөлд олон улсын жишиг болж байгаа хуулийг тухайн орны хэлээр нь ашиглах, заах, ойлгуулах боловсон хүчин  Монголд дутагдалтай байгаа. Гэхдээ цаашдаа цаг үе өөрчлөгдөнө гэдгийг мартаж болохгүй.

Хуульч гэхээр монгол хүн монгол хүнтэйгээ харьцана, хуулийн ажлыг хийнэ гэдэг асуудал аль хэдийнэ хойно хоцорсон.

Саяхан Монгол Улсын Засгийн газар гадаадын компанитай Арбитрын маргаанд ялсан мэдээ гарсан. Хоёр жилийн өмнө олон улсын шүүх дээр тухайн шүүх хурал болсон. Энэ бол Монголд болсон дотоод асуудал байсан шүү дээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын гадаадын компанитай үүссэн асуудлыг олон улсын хуулийг ашиглаж шийдсэн. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь олон улсын хууль бидний өдөр тутмын хэрэгцээ болж байгааг харуулсан. Тиймээс олон улсын хуулийг судалж, олон улсад ойртоход гадаад хэл маш чухал. Гадаад хэлгүйгээр Та онгоцоо хөөргөж чадахгүй, олон улсын онгоцны буудалд ч буулгаж чадахгүй.

2. Байнга суралц, бич, унш

Мэргэжлийнхээ чиглэлээр олон сургалт, семинар, зөвлөгөөнд хамрагдах хэрэгтэй. Боломж олдвол өөрөө илтгэл тавь. Мэдлэгээ байнга шинэчлэх нь орчин үеийн хуульч хүний гол давуу тал. Та нэг хүний онгоц жолоодож байгаад өнөөдөр ажлын шаардлагаар БОИНГ жолоодох шаардлага тулгарч байна гэж төсөөл. Тэгэхээр БОИНГ жолоодохоос өмнө тухайн онгоцныхоо бүх техник эд ангийг мэддэг, суралцдаг, бичдэг байх ёстой. Үүнтэй адил орчин үеийн хуульч Law Review төрлийн мэргэжлийн сэтгүүлд байнга бичдэг байх хэрэгтэй. Дотооддоо мэргэжлийн сэтгүүлд бичихээс гадна Ази номхон далай, бүс нутагтаа олон улсад тооцогдох мэргэжлийн сэтгүүлүүдэд бич. Орчин үеийн хуульчийн өөрийн ур чадвараа харуулах бас нэгэн тодорхойлолт бол бичсэн нийтлэл нь байдаг. Хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө тод харуулах нэг баримт нь гэсэн үг. ОУ-ын байгууллагад ажилд ороход тухайн хүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэгийг заавал хардаг болсон нь үүнтэй холбоотой.

Н.Орчлон зурган илэрцүүд

3. Орчин үеийн хуульч нарийн мэргэших ёстой

Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл боловсон хүчнийг нарийн мэргэшихийг шаардаж байна. Манай улсад сүүлийн жилд уул уурхайн салбарыг дагнасан хуульчид бэлтгэгдэж байна. Энэ үнэхээр сайн хэрэг. Үүнтэй адилхан, нарийн мэргэшилгүйгээр зөвхөн сургуулиас олж авсан эрүү, захиргаа, иргэний хуулийн ерөнхий мэдлэгтэй  хол явж чадахгүй. Олон улсад хуульчид маш олон салбараар мэргэшиж байна. Гэрээ, өв залгамжлал, эвлэрүүлэн зуучлал, гэр бүлийн хуулиар мэргэшсэн хуульчдыг бэлтгэдэг. Сүүлийн үед Байгаль орчны эрх зүй, уул уурхай ба коммодити, Спортын эрх зүй, Олон улсын байгууллага, захиргаа, хөдөлмөрийн эрх зүй, шүүх, Олон улсын худалдаа, банк санхүү, хөрөнгө оруулалт зээл, Европын эрх зүй зэрэг чиглэлийн хуульчид нэлээд эрэлттэй байна. Тиймээс өнөөдрөөс  мэргэших нь чухал. Ялангуяа олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийг судлах хэрэгтэй.

Саяхан АНУ-д ахмадын асрамжийн газрын ажилчид асрамжид байгаа хүмүүстэйгээ зүй бус харьцдаг асуудал гарахад тухайн иргэдэд үүссэн асуудлыг шийдэх, эрхийг нь хамгаалах асуудлаар мэргэшсэн хуулийн фирм ажиллаж байх жишээний. Тэгэхээр бид цаашид тухайлсан чиглэлүүдэд мэргэших зайлшгүй шаардлагатай. Мэргэшсэнээр бусдаас илүү ялгарч чадна. Миний хувьд ОУ-ын эрүү, хүний эрхийн хуульчаар илүү мэргэшиж ажиллаж байна. Хатуухан хэлэхэд, нарийн мэргэшилгүйгээр ОУ-ын хөдөлмөрийн зах зээлд бараг л гарч  чадахгүй.

4. Олон улсын хуулийн мэдлэг

Хууль бол нэг зоосны хоёр тал. Монгол Улсын хууль, Олон улсын хууль гэж хоёр ойлголтыг ярьдаг. Их сургуульд ч энэ хоёр ойлголтыг тусад нь заадаг. Олон улсын хууль мэдэхгүйгээр зөвхөн дотоодын хууль хэрэглэх боломжгүй. Даяарчлагдаж буй өнөө үед олон улсын хууль, Олон улсын хүний эрхийн хууль юу гэж хэлж байгаа нь нэг номерын асуудал болсон. Тиймээс олон улсын эрх зүйг байнга судлах хэрэгтэй.

5. Цаг үеийн мэдээлэл сайтай бай

Онгоцны ахмад хүн тухайн хөөрөх юм уу, газардах гэж байгаа газрынхаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байж онгоцоо хөөргөж, эсвэл газардуулдаг. Үүнтэй адил орчин үеийн хуульч хүн цаг үеийн мэдээлэл маш сайтай байх ёстой. Өнөөдөр бүх зүйл цаг минутаар хөгжиж байна. Цаг үеийн мэдээлэлгүй, хөгжлийг хуульд буулгаагүйгээрээ бид маш хойно хоцорч байгаа. Хамгийн сүүлийн үеийн жишээ хэлье. Энэтхэгт Ганга мөрнийг хуулийн дагуу “хүн” гэж тооцох шийдвэр гарсан. Ганга мөрөнд “хүн” гэдэг эрхийг өгсөн. Энэ нь Байгаль орчны хуультай холбоотой маш том үсрэлт болсон. Байгалийн ариун дагшин газруудыг хүн гэж тооцож, хүний эрхийг хүндлэн хамгаалах үүргийг төр засгаас оноож байна. Энэ бол олон улсын хуулийн маш том шинэчлэл. Энэ бүгдийг судалсан,мэдсэн байх хэрэгтэй.

Дэлхийн даяар нь Samsung, Apple-ийн гар утсыг хэрэглэж байна. Энэ хоёр компани патентын асуудлаар байнга маргаан үүсгэдэг. Бүтээгдэхүүнээ борлуулдаг орон болгонд патентын асуудлаар шүүхэд ханддаг. Америкийн муж болгоны шүүхэд ийм хэрэг үүсгэдэг. Тиймээс патентын асуудлаар мэргэших хэрэгтэй. Дэлхийн хөгжлийг шинжлэх ухаан, техникийн хөгжил авч явж байна. Энэ бүгдийг мэддэг мэргэшсэн хуульч хаана ч хэрэгцээ, шаардлагатай байна гэсэн үг. 

Миний амьдарч байгаа Голланд улсад хүний үхэх эрхийн тухай асуудал хөндөгдөж байна. Хүн үхэх эрхийнхээ дагуу шийдвэрээ гаргахад тухайн хүнийг үхэхэд эмч туслах эрхтэй гэж байгаа. Гэтэл энэ нь цаашлаад эмчийн ёс зүйтэй холбоотой асуудал үүсч байгаа. Энэ мэтчилэн цаг үеийн мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Учир нь, шинэ асуудал, шинэ техник технологи гаргахад түүнийг дагасан хууль бий болдог.

6. Баг бүрдүүлж ажиллах чадвар

Дэлхийн нийт олон асуудалтай тулгарч байгаа учраас түүнийг нь ганц хүн хийж чадахгүй. Тиймээс баг болж ажиллаж, асуудлыг шийдвэрлэх чадвар маш чухал. Асуудлыг олон талаас судлах баг хэрэгтэй. Ерөнхий хуульч байгаад асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Олон талаас нь ажиллах нарийн экспертүүдээс бүрдсэн баг чухал. Нэг хэрэгт хамгийн багадаа 10 хүн ажилладаг. Тиймээс багаар ажиллах чадварыг өөртөө төлөвшүүлэх маш чухал.

7. Уран ярьж, илтгэх чадвар

Шүүхийн өмнө өөрийн мэддэг, чаддаг зүйлээ өөртөө итгэлтэйгээр ярьж, бүрэн итгүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө илтгэх ур чадварт итгэдэг хуульчийг орчин үеийн хуульч гэнэ.

 

Эх сурвалж: itoim.mn

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй