ФЭЙСБҮҮК ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ танд хэрхэн үзүүлдэг вэ?

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-02-28

Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн тархалттай зэрэгцэн FAKE NEWS буюу хуурамч мэдээлэл нь орчин үеийн хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг болоод байна. Тиймээс ч энэ цаг үед дэлхий даяар бичиг үсэг тайлагдалтаас илүү мэдээллийн боловсрол гэх зүйл чухал байр суурь эзлэх болсон билээ. 

Тиймээс ч үүнтэй холбоотойгоор та бидний өдөр тутам ашигладаг Фэйсбүүкийн алгоритм хуурамч мэдээллийг түгэхэд хэрхэн нөлөөлдөг талаарх учир зүйг тайлбарлахыг хичээлээ. 

Фэйсбүүк бол компани.

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон Фэйсбүүк гэж чухам юу юм бэ.

Энэ бол бидэнд гайхалтай олон боломжийг олгосон талбар юм. Дэлхийн хаанаас ч хүмүүстэй үнэгүй харилцах хэрэгсэл, мэдрэмж, мэдээллээ бусадтай хялбараар хуваалцах талбар, олон нийтийн санаа бодлыг бүрэлдүүлэгч гээд олон янзаар Фэйсбүүкийг тодорхойлж болно. Харин бизнесийн нүдээр харвал энэ сувгийг өөр өнцгөөс тодорхойлох болно. Манай гаригийн зургаан хүн тутмын нэг нь ашигладаг Фэйсбүүк бол дэлхийн хаана ч байхгүй том зах зээл юм. “Хэрэглэгч хаана байна тэнд сурталчлах ёстой” гэсэн хуулиар хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй энэ зах зээлд компаниуд, байгууллагууд, хувь хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулахаар өөрсдийн сувгаа (Facebook account, page, group) үүсгэж, түүн дээрх агуулгыг өргөн хүрээнд хүргэхийн тулд Фэйсбүүкт төлбөр төлдөг. Энэ утгаар Фэйсбүүкийн зорилго бол зах зээлээ тогтвортой тэлснээр ашиг олох явдал юм.  

Хэрэглэгчид Фэйсбүүкийг илүү удаан ашиглах тусам илүү олон компани сурталчилгаа түгээж илүү их ашиг олно. Секунд бүр мөнгөөр хэмжигдэх тул Фэйсбүүк хэрэглэгчийг сүлжээндээ улам удаан байлгахыг хүсэх бөгөөд тэндий анхаарлыг өөртөө татахын тулд тодорхой алгоритм ажиллуулдаг.  

Хэрэглэгчийн сонирхлыг татахын тулд Фэйсбүүкийн алгоритмийн анхаарлын цэг нь мэдээж уг сүлжээнд нэвтрэхэд хамгийн түрүүнд харагддаг мэдээний сурвалж (newsfeed) юм. Фэйсбүүк хэрэглэгч өдөрт 1,500 хүртэлх постийг гүйлгэн унших эрхтэй аж. Гэвч судалгаагаар идэвхтэй хэрэглэгч өдөрт дунджаар 300 орчим пост уншдаг байна. Хэрвээ хэрэглэгч 800 найзтай гэж үзвэл хэн хэний 300 постыг түүнд харуулахыг алгоритм шийднэ. Эндээс Фэйсбүүкийн алгоритм гэдэг нь хэрэглэгчийг удаан тогтоох үүднээс түүний үйлдлээс хамаарч newsfeed дээр гарах постуудыг эрэмбэлэх программ хэмээн тодорхойлж болно.  

Фэйсбүүкийн алгоритм хэрхэн ажилладаг вэ?  

Фэйсбүүкийн алгоритмийг үзүүрийн эрэмбэ (Edge Rank) нэрлэдэг. Хэрэглэгчийн сүлжээн дэх найзуудын үйлдэл бүр нь үзүүрт (edge) тооцогдох бөгөөд тэднийг эрэмбэлэн дарааллуулахыг хэлж байна. Үзүүрийн эрэмбэ нь дараах байдлаар томьёологддог.  

Ue- тодорхой хэрэглэгчтэй хэрхэн холбогдсон нь үзүүр болно. Хэрэглэгчийн ойр дотно байдлын оноог үзүүр үүсгэх үйлдэл болон түүнийг нь харсан хэмжүүрээр тодорхойлно. Тухайлбал, ах бид хоёр 50 харилцан найзтай (mutual friends) бөгөөд би түүний ханан дээр (wall) тогтмол бичдэг бол бид хоёрын ойр дотно байдлын оноо өндөр байх бөгөөд Фэйсбүүк миний ахын постыг дээгүүр эрэмбэлэх болно.   

We- үзүүрүүдийн жингийн хэмжүүр юм. Тухайлбал, сэтгэгдэл бичих (comment), сэтгэл хөдлөл үзүүлэх (emotion) зэрэг үйлдлүүд нь таалагдсанаа илэрхийлээс (like) илүү жин татна. Үзүүр бүр тодорхой оноогоор үнэлэгдэнэ. Хэрвээ хэрэглэгч нэг байгууллагын хуудас дээр сэтгэгдэл бичсэн бол зөвхөн лайк дараад өнгөрсөн хуудсаас дээгүүр эрэмбэлэгдэх боломжтой.  

Te- Цаг хугацааны сарнилтын оноо нь үзүүр хэр удсанаас хамаарна. Статус бичсэнээс хойш удах тусам хуучрах учраас оноогоо алдана. Тиймээс хэрэглэгчид аль болох тухайн цаг үеийн постуудыг харуулахыг эрмэлздэг. Гэхдээ энэ нь хэрэглэгч хэр тогтмол Фэйсбүүкээ ашигладаг болон сүлжээнд нэвтрээд хэр удаан хугацааг өнгөрүүлдэг зэргээс ч хамаарна.  

Мэдээллийн сурвалжуудыг шүүлтүүрдэх Edge rank (2011) систем нь одоо Facebook algorithm (2013) гэж нэрлэгддэг бөгөөд 100 мянга гаруй ойлголтуудыг харьцуулж байж үзүүрүүдийг эрэмбэлдэг болжээ. Гэхдээ үндсэн гурван үзүүр тэдний дунд чухал нөлөөтэй хэвээр байна.  

Фэйсбүүкийн алгоритмийг товч дүгнэвэл хэрэглэгч хэнтэй илүү харилцан үйлчлэлцэнэ түүний постуудыг илүү их хүлээж авна гэсэн үг.  

Фэйсбүүкийн алгоритм хуурамч мэдээ түгэхэд хэрхэн нөлөөлдөг вэ?  

Зургийн эх сурвалж: http://www.businesstimes.com.sg/technology/facebook-fights-fake-news-cuts-accounts-ahead-of-uk-election

Би иргэн А, Б-гийн  постуудад тогтмол сэтгэгдэл бичиж, дэлгүүрийн хуудсаас асуулт асууж, ДОТА тоглогчдын группээр байнга эргэлдэх тусам тэдгээрийн мэдээлэл шинэчлэлийг Фэйсбүүк надад үзүүлсээр байх болно. Тиймээс алгоритмийн сөрөг үр нөлөө нь Фэйсбүүк сүлжээнд буруу үзэл суртал түгээх хувь хүн, хуудас, группуудыг дагаж, тэдгээртэй харилцан үйлчлэлцэх юм бол маш аюултай гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авах фэйсбүүк орчин үргэлж хайрцаглагдаж байна.  
Хуурамч мэдээ ч энэхүү хайрцаглагдсан орчны үр нөлөөгөөр хурдан тархаж байна. Дээр дурдсанчлан олон дагагчтай суваг үүсгэн (аккаунт, хуудас, групп) түүнийгээ төлбөртэй мэдээллийн эх сурвалж болгон ашиг олох явдал Фэйсбүүкийн салшгүй нэг хэсэг болсон. Гэхдээ тэдгээр үйлдлүүдийг Фэйсбүүк өөрөө зохион байгуулаагүй түүнийг ашиглаж буй бүлгүүд хийж буйг, харин Фэйсбүүкийн ажиллах зарчим л тэдгээр бүлгүүдэд “тусалж” буйг тэмдэглэх хэрэгтэй.  

Хэн нь тодорхойгүй сувгуудын араас хэний ч эрх ашгийг хөндөж, хүссэнээрээ олон нийтийг төөрөгдүүлж байна. Мэдээж эдгээр үйлдэл цалинжсан байдаг. Хуурамч мэдээллийг дараах зорилгоор түгээдэг.  

  1. Хэн нэгний эрх ашгийг хөндөх- гүтгэх, гутаан доромжлох 
  2. Олон нийтийг төөрөгдүүлэх- Хэний ч эрх ашгийг хөндөөгүй хуурамч мэдээ илүү том зорилгын нэг хэсэг байж болно. Цагаан будааны дуулианыг уг бүтээгдэхүүнийг худалдаалдаг томоохон компаниуд, хятадуудыг үзэн ядуулах постуудыг "монголчуудыг" ялуулахыг хүссэн сонгуульд ч ашигласан байхыг үгүйсгэхгүй.  
  3. Сувгийн нөлөөг тэлэх- Сонирхол татах замаар дагагчдын тоог нэмэгдүүлэх 
  4. Санамсаргүй 

Хуурамч мэдээ нь цааш хурдацтай тархахын тулд сэтгэл хөдөлгөсөн (уур хүргэх, бухимдуулах, уяраах, баярлуулах, үзэн ядуулах) мөн бодит мэт дүр эсгэсэн шинжтэй байдаг бөгөөд олон нийтийн үнэт зүйл, тогтсон ойлголт дээр тоглодогийг мартаж болохгүй.  

Ийм “хүчирхэг” шинж бүхий, санаатайгаар бүтээсэн хуурамч мэдээг “итгэл даасан” сувгууд даалгавраар түгээж, тэдгээр нь хэрэглэгчдээр дамжин цасан ширхэг шиг салаалж сүлжээ даяар тархдаг. Тиймээс Фэйсбүүкийн алгоритмийн мэдээлэл хүлээн авах орчныг хайрцаглаж буй нь хуурамч мэдээлэл түгэх гол шалтгаан болж байна. Өнгөрсөн оны хамгийн алдартай үгээр тодорсон хуурамч мэдээ монголчуудын юу бодохыг, асуудлыг хэрхэн харахад хүчтэй нөлөөлж буй нь харамсалтай.  

Фэйк ньюс хурдацтай түгэж буйд нөлөөлөгч бусад хүчин зүйлүүд (олон нийтийн мэдээллийн боловсрол, үндэстний онцлог, төр засгийн бодлого г.м) хийгээд дэлхий нийт үүнтэй хэрхэн тэмцэж буй туршлагын талаар дараагийн бичвэрүүдэд өгүүлэх болно.  

 
Д.Идэржаргал, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш  

Эх сурвалж: ikon.mn

Буцах
Notice: Undefined variable: news_id in C:\xampp\htdocs\umguulul\advices.php on line 112
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй