Цалин цагт нь өгөөгүй бол хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож олгох ёстой

Хууль зүйн зөвлөгөө

Оруулсан: 2018-01-19

 

 

Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүхний өмнө тулгардаг нэгэн асуудал буй. Тэр бол хөдөлмөрийн хөлс, цалин урамшуулалтай холбоотой хууль тогтоомжийн талаарх мэдлэг юм. Тэгвэл иргэдийн хамгийн их мэдэхийг хүсдэг цалин хөлстэй холбоотой дараах асуултын хариултыг нийтэлж байна. 

Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бүрэлдэхүүнд юу юу хамаарах вэ?

Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.


Асуулт: Үндсэн цалин гэж юуг нь хэлээд байна. Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалин юм. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тогтоодог.


Асуулт: Нэмэгдэл хөлс гэж юуг хэлэх вэ? Tүүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар, нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тооцон олгож буй цалин хөлс юм. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуульд зарим нэмэгдэл хөлсний доод хэмжээг хуульчилсан байдаг.

Асуулт: Ямар ямар төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг хуулиар тогтоосон байдаг вэ?

Хариулт: Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илүү цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралгын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагуй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдүүлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгүй.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулсан бол нэмэгдэл хөлс олгохуу?

Хариулт: Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрүүлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагүй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.

Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтныг дараа нөхөн амраасан бол ямар нэгэн цалин хөлс олгохгүй гэсэн үг үү?

Хариулт: Нөхөн амраасан бол огт цалин хөлс олгохгүй гэсэн үг биш юм. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амраасан бол уг өдрүүдэд ажилласны цалин хөлсийг ажлын ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл нэмэгдэл хөлсийг олгохгүй.

Асуулт: Нэмэгдэл гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн    нөхцөлөөс хамаарах хүчин зүйлсийг харгалзан тогтоосон цалин хөлс юм. Нэмэгдлийн хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтооно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшин ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болно.

Асуулт: Шагнал урамшуулал гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?

Хариулт: Шагнал урамшуулал гэж цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй олговор юм. Ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгодог. Шагнал урамшуулал олгох нөхцөл болзлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоох буюу эсвэл  шагнал урамшил олгох  тусгай журам гарган тогтоож болдог.

Асуулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанд ямар хэмжээтэй нэмэгдэл хөлс олгох вэ? Түүнийг яаж тогтоодог вэ?

Хариулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанг ажил олгогч нөхөн амруулаагүй бол түүнд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох бөгөөд ямар хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож тогтооно. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс нь ажилтны ажилласан цагт оногдох дундаж цалин хөлс нэмэгдүүлсэн хэмжээтэй байна.
Асуулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгуулагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгогдох уу?

Хариулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно.
Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?

Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох ёстой. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.

Асуулт: Цалин хөлс олгох өдрийг яаж тогтоох вэ?

Хариулт: Цалин хөлсийг сарын ямар ямар өдрүүдэд тавьж олгохыг хөдөлмөрийн дотоод журам буюу хамтын гэрээгээр тохиролцож тогтоодог.

Асуулт: Ажил олгогч ажилчдын цалинг тогтоосон өдөр олгоогүй, саатуулсан бол яах вэ?

Хариулт: Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогүй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгочид шүүх ноогдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгоно.

Асуулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болохуу?

Хариулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга,цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.

Нийтэлсэн: tv5.mn

Буцах
Биднээс мэдээлэл авах

Шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл мейлээ бүртгүүлээрэй